Манай улсад гэртээ хүүхдээ асарч буй ээжүүдэд Цалинтай ээж хөтөлбөрийн хүрээнд НДШ төлсөн, төлөөгүй ялгамжгүйгээр 50000 төгрөгийн тэтгэмж олгодог. Гэвч, энэ мөнгө нь хаанаа ч хүрдэггүй талаар ээжүүд учирладаг. Тэгвэл гадны оронд, тэр дундаа Япон улсад хүүхдээ асарч буй ээжүүдэд хэрхэн тэтгэмж олгодог, ажил эрхлэлтийг ямар байдлаар дэмждэг талаархи мэдээлэл авч, уншигчиддаа сонирхуулахаар Япон улсад амьдарч буй Э.Гантуяаг “Онлайн ярилцлага” буландаа урьж ярилцлаа.
-Сайн байна уу. Урилгыг хүлээн авсанд баярлалаа. Юуны өмнө та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу. Японд хэдэн жил амьдарч байгаа вэ?
-Сайн байна уу. Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Э.Гантуяа гэдэг. Япон улсад хөл тавиад 10 жил болсон байна. Орчуулагч, хэл шинжлэл судлаач мэргэжилтэй. 2018 оноос Японы үүрэн холбооны “Софтбанк банк” компанид ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөө авсан, жирийн нэгэн ээж байна.
- Та өөрийн фэйсбүүктээ Япон болон Монгол дахь “Цалинтай ээж” хөтөлбөр тэнгэр газар шиг ялгаатай байгаа талаар нийтэлсэн байсан шүү дээ. Бидний ярилцлага ч тэр сэдвээр байх юм. Япон улс гэртээ хүүхдээ асарч буй ээжийг хэрхэн дэмждэг вэ. Энэ талаар та мэдээлэл өгөөч?
- Тийм. Би Японы компанид үндсэн ажилтнаар ажиллаж байгаад жирэмсний болон хүүхэд асрах чөлөө авсан. Японд нийгмийн даатгалын шимтгэлээ жилээс дээш төлсөн бол декритний хугацаа дууссаны дараагаас зургаан сарын хугацаанд сар бүр үндсэн цалингийн 67 хувь, түүнээс хойш хоёр нас хүртэл нь 50 хувиар олгох зохицуулалттай. Нөхөр нь бас энэ болзлыг хангаж байвал дээрх дэмжлэгийг авч, хамтдаа хүүхдээ өсгөх боломжтой байдаг.
Энэ жилээс бүр нэмэгдсэн байна билээ. Японы Засгийн газраас төрөлтийг дэмжих бодлогынхоо хүрээнд эхнэр, нөхөр хоёул хүүхэд өсгөх амралт авсан тохиолдолд үндсэн цалингийн 80 хувиар тэтгэмж авах боломжтой хуулийг баталсан байсан. Амралт авсан хугацаанд НДШ-ийг 100 хувь чөлөөлдөг учраас үндсэн цалингийн 80 хувь гэдэг гарт авдаг цалингаа бүтнээр нь авч байгаа хэрэг. Энэ дэмжлэгийг хүүхдээ нэг нас хүртэл авна. Цаашлаад хүүхэд нь цэцэрлэгт орж чадаагүй бол цааш сунган хоёр нас хүртэл нь авах боломжтой байдаг.
-НДШ төлдөг буюу ажил эрхэлж байгаад хүүхэд асрах чөлөө авсан ээж болон огт ажил эрхэлж байгаагүй ээж хоёрын авах дэмжлэг өөр гэсэн үг үү?
-Тиймээ. Хүүхдээ асрах хугацаандаа тэтгэмж авах болзлыг хангахын тулд хөдөлмөр эрхлэлтийн даатгалыг жилээс дээш хугацаанд төлсөн байх ёстой. Болзол хангагдаж байж хөдөлмөр эрхлэлтийн газраас энэ дэмжлэгийг хамгийн ихдээ хүүхдээ хоёр нас хүртэл авах боломжтой болдог гэсэн үг. Ажил эрхэлж л байгаа бол энэ даатгал цалингаасаа төлж буй шимтгэлд багтсан байдаг.
Үндсэн ажилтан, цагийн ажилтан эхнэр, нөхөр бүгд багтана. Харин ажил огт эрхэлж байгаагүй, ямар нэг даатгал төлж байгаагүй ээжүүдэд сар бүр тогтмол халамж олгодог гэж сонсож байгаагүй юм байна.
Энэ нь япончуудын гэр бүл төлөвлөлтөд нухацтай ханддагтай холбоотой байж магадгүй. Эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлэх дундаж нас нь 30. Энэ насанд аль хэдийнэ хөдөлмөр эрхэлж, тодорхой хэмжээнд даатгал төлсөн байдагтай холбоотой байх. Эхнэр нь НДШ төлөөгүй байлаа гэхэд, нөхөр нь ажиллаж НДШ төлж таарна. Японд хүүхдээ цэцэрлэгт өгөхдөө ч ажил хийдэг гэсэн тодорхойлолт өгөх ёстой байдаг юм билээ. Хөдөлмөрийн чадвартай атлаа хэн нэг нь огт ажил хийдэггүй бол хүүхдээ цэцэрлэгт хамруулахад ч хэцүү болдог. Японы энэ бодлого төрөлтийг дэмжихээс гадна, ажил эрхлэлтийг ч дэмжиж буй нэг хэлбэр юм болов уу гэж харж байна. Монголд НДШ төлсөн ч, төлөөгүй ч ялгаагүй халамж нэрээр 50 мянган төгрөг олгодог юм билээ. Энэ мөнгө хүүхэд өсгөхөд хангалттай биш учраас ээжүүд ажилдаа орохыг хүсдэг ч, цэцэрлэгийн асуудал хүндрэлтэй байдаг юм шиг байсан.
-Ажил хийдэггүй бол хүүхдээ гэртээ асрах боломжтой гэж үзээд авдаггүй гэсэн үг үү?
- Тийм. Төв рүүгээ цэцэрлэгт хамруулах тоо хурдан бүрддэг нэг анги дүүргэлт цөөхөн хүүхэдтэй байдаг учраас тэр. Ажил эрхэлдэггүй бол хүүхдээ гэртээ харах боломжтой гэж үзээд авах болзол нь буурна. Хөдөө, зах хэсэг рүүгээ харьцангуй гайгүй. Ажилгүй байсан ч хүүхдээ цэцэрлэгт хамруулчихдаг.
-Японд хүүхдийн мөнгө гэж өгдөг үү. Хэд орчим байдаг вэ?
-Хүүхдийн мөнгө гэж олгодог. Нэг сарын 15000 иэн буюу монгол мөнгөөр 360 мянга хавьцаа. Сүү, памперсандаа яг таардаг. Японд оршин суух зөвшөөрөлтэй л бол гадаад, дотоод гэж ялгахгүй хүүхдийн мөнгө олгодог. Өмнө нь дунд сургуулиа төгстөл буюу 15 нас хүртэл нь олгодог байсан бол ирэх оноос 18 нас хүртэл нь олгох зохицуулалт хийсэн байна. Гурваас дээш хүүхэдтэй бол мөнгөний хэмжээ нь нэмэгдэхээр байсан.
-Сургуулийн өмнөх боловсролын талаар сонирхох гэсэн юм. Цэцэрлэгт хүүхдийг хэдэн наснаас авдаг вэ?
-Цэцэрлэгт хамгийн эртдээ 43 хоногтойгоос нь өгөх боломжтой байдаг.
-Монголд цэцэрлэгийн бага бүлэг гэхэд 50-60 хүүхэд хоёр багштай хичээллэдэг. Японд хоёр хүүхэд нэг багштай байдаг гэж сонсож байсан юм. Тийм тооны хүүхэд тэдэн багштай хичээллэнэ гэсэн зохицуулалт байдаг уу?
-Ясли бүлэгт гурван хүүхэд дундаа нэг багштай. 1.2-3 нас хүртэл нэг багшид таван хүүхэд, 3-4 настай бол нэг багшид 20 хүүхэд, түүнээс дээш 25 хүүхдэд нэг багш гэсэн зохицуулалтыг өнгөрсөн зургаан сараас хийсэн байна. Тэгэхээр хамгийн ихдээ том анги нь 25 хүүхэдтэй юм байна. Тэгээд туслах багштайгаа хоёр багш ажилладаг. Манай охин гурван настны анги мөртлөө 11 хүүхэдтэй гурван багш ажилладаг. Өрөөнүүд нь жижиг. Тэгэхээр өрөөний хэмжээнээс хамаарч, стандартын дагуу цөөн хүүхэд элсүүлдэг байх.
-Монголын цэцэрлэгүүд санаа аваасай гэж бодсон туршлага байна уу. Таны анзаарснаар?
-Монгол дахь цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар сайн мэдэхгүй байна. Миний сонссоноор цэцэрлэг тарах цаг нь эцэг, эх, асран хамгаалагчийн ажил тарах цагаас эрт байдаг шиг байсан. Энд анх цэцэрлэгт өгөх үед эцэг эхийн ажил эхлэх, тарах цагийг асууж, түүнд нь уялдуулж харж өгдөг. Манай хүүхдийн цэцэрлэг 07:00-18:30 хүртэл ажилладаг. Энэ цагт нь амжиж аваагүй тохиолдолд төлбөр гардаг.
Монголд эцэг эхийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд цэцэрлэгийн цагт уян хатан зохицуулалт хийх хэрэгтэй байх гэж бодож байна. Мөн багш, эцэг эхийн харилцах дэвтэр гэж байдаг. Дэвтэрт хүүхэд гэртээ, цэцэрлэгтээ юу хийсэн, юу идсэн, биеийн байдал гэх зэргийг бичихээс гадна цэцэрлэгтээ хэдээс очиж хэдээс авахаа ч тодорхой бичдэг. Өглөө очно гэсэн цагтаа ирэхгүй бол цэцэрлэгээс нь шууд залгадаг.
- Хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлдэг вэ. Та жишээ дурдаж болох уу.
- Миний анзаарснаар маш олон зүйл дээр хүүхдэд анхаарлаа хандуулж бгаа нь харагддаг. Жишээ нь, “Хүүхэд гүйж гарч ирэх учраас түр зогс” гэх мэт тэмдэглэгээтэй замын тэмдэг тэмдэглэгээ маш их. Дээр нь жолооч нар нь ч маш ухамсартай замын хөдөлгөөнд оролцдог. Хүүхэд машинаар зорчих тохиолдолд заавал зориулалтын сандалд суулгах ёстой. Мөн багш, хүүхэд, асран хамгаалагчийн гурвалсан харилцаа маш нягт байдаг.
Хийдэг ажилтай минь холбоотой ойрхон жишээ гэвэл, ухаалаг утас, дугаар авах тохиолдолд насанд хүрээгүй бол асран хамгаалагчийн зөвшөөрөл хэрэгтэйгээс гадна хүүхэд цахим гэмт хэрэгт өртөхөөс хамгаалж утасны тохиргоог тухайн нас насанд нь тохируулж хийж өгдөг.
Платформ татаж суулгах үед асран хамгаалагчийн утсанд код ирж түүнийг нь зөвшөөрсөнөөр татагдах боломжтой болдог. Бага, дунд ангийн насны хүүхэд бол ихэнх платформ татах боломжгүй тохиргоотой хийж өгдөг гэх мэт.
-Японы нийгмийн сонин содон, сонирхол татахуйц, бас санаа авахуйц олон мэдээллийг бидэнтэй хуваалцсан танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил, амьдралд сайн сайхныг хүсье.
-Баярлалаа. Танд болон танай уншигчдад ч гэсэн ажил амьдралд нь сайн сайхныг хүсье.