Улаанбаатар хотын А бүсэд автомашины зогсоолын төлбөр нэг цаг нь 5000 төгрөг, Б бүсэд нэг цаг нь 4000 төгрөг байхаар тооцсон талаар Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан мэдэгджээ.
Зогсоолын төлбөрийг гаргахдаа судлаачид, мэргэжилтнүүдийн гаргасан тооцоололд үндэслэсэн гэдгийг тэрбээр мөн тодотгосон байна. Зогсоол хүрэлцээгүй нь түгжрэл үүсэх шалтгаануудын нэг бөгөөд худалдаа эрхлэгчид, төрийн албан хаагчид хувийн машинаар зорчиж, өдрийн турш зогсоолд автомашинаа үнэгүй байршуулдаг байна. Судалгаагаар төрийн албаны 63 мянга орчим албан хаагч хувийн тээврийн хэрэгслээрээ ажилдаа ирж, очдог гэсэн дүн гарчээ.
Иймээс Улаанбаатар хот дахь бүх авто зогсоолын төлбөрийг өндөр үнэтэй болгох зөвлөмжийг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлээд буй юм байна. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан “Зогсоолыг олон нийтийн хяналтад шилжүүлнэ. Бүх зогсоолыг ТББ, нөхөрлөлд өгөхөөр төлөвлөөд байгаа. Нийт зогсоолын зардлын 50-60 хувь нь зогсоолыг ажиллуулж байгаа хүмүүсийн цалинд зарцуулагдана. Үлдсэн мөнгийг Авто замын санд төвлөрүүлнэ. Төвлөрсөн мөнгийг авто зогсоол тохижуулах, камержуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зогсоол хийхэд зарцуулна” хэмээв.