ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашинтайгаа цасанд сууж, гэр бүлийн дөрвөн хүн осгож нас баржээ

O.Admin
2024-01-12

Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас аймгийн төв рүү явж байсан иргэдийн автомашин цасанд сууж, дөрвөн хүн харамсалтайгаар нас барсан байна. 

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар хоёр бага насны хүүхэд байсан гэжээ. Цасанд суусан автомашинд таван хүн зорчиж явсан бөгөөд тэдний дөрөв нь нэг гэр бүлийн нэг нь хажуу айлын хүн байжээ. Осгож, эмнэлэгт хүргэгдсэн иргэний хувьд хажуу айлынх нь хүн байсан гэдэг мэдээллийг албаныхан өглөө. Тухайн иргэн сумынхаа эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд зүүн хөл нь хөлдсөн байна. Түүний биеийн байдал харьцангуй тогтворжиж байгаа гэдгийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. 

Авто тээврийн үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газраас цасанд боогдсон замуудаар орон нутаг болон Улаанбаатар руу зорчихгүй байхыг анхааруулсан. Тодруулбал, Хэнтий, Сүхбаатар чиглэлээс Улаанбаатар руу зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байгаа юм. Онцгой байдлын байгууллагад нэгдүгээр сарын 9-нд Завхан аймгийн Алдархаан, Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Алтай аймгийн Дарви, Увс аймгийн Тариалан, Говь-Алтай аймгийн Цогт, Дорнод аймгийн Баянтүмэн, Хэнтий аймгийн Баянхутаг суманд автомашин цасанд суусан нийт найман удаагийн дуудлага ирсэн байна. 

Тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 44 автомашиныг татан гаргаж,  303 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Он гарсаар цасанд суусан нийт 18 удаагийн тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 325 иргэний амь насыг аварч, 51 тээврийн хэрэгслийг татан гаргасан гэж ОБЕГ-аас мэдээлсэн юм.