Автотээврийн үндэсний төвөөс иргэн, аж ахуйн нэгжүүдийн өмчийн автомашинд хуурамч бичиг баримт бүрдүүлэн бусдад худалдах, банк, банк бус санхүүгийн байгууллагуудад барьцаалах гэмт хэрэг нэмэгдэж байгааг сэрэмжлүүлж байна гэх мэдээлэл гарч эхэлсэн. Энэ талаар АТҮТ ТӨҮГ-ын Архив лавлагааны тасгийн дарга Б.Батбаяраас тодрууллаа.
-Автотээврийн үндэсний төвөөс автомашины хуурамч бичиг баримт бүрдүүлэх гэмт хэрэг ихсэж байгаа учир сэрэмжлүүлж байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн архив лавлагааны тасаг гэж байдаг. Энэ нь иргэд болон байгууллагуудын хүсэлтээр тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой лавлагаа мэдээлэл өгдөг. Сүүлийн үед Цагдаа, Хууль хяналт, Шүүх, АТГ зэрэг нэлээд олон байгууллагаас тээврийн хэрэгслийн бүртгэл болон эзэмшигчийн талаар лавлагаа гаргаж өгөх хүсэлт ихээр ирэх болсон. Үүний цаана гэмт хэрэг, залилан мэхлэлт, мөнгө төгрөгийн өгөө аваатай холбоотой асуудлууд байдаг. Тиймээс тээврийн хэрэгслийн бүртгэлийг эзэмшигч, өмчлөгч нар өөрийн биеэр ирж шилжилт хөдөлгөөнөө хийлгэж байх тухай уриалга гаргасан юм.
-Тэгэхээр иргэд өөрийн биеэр ирж шилжилт хөдөлгөөн хийлгэдэггүй гэсэн үг үү?
-Ихэнхи тохиолдолд иргэд өөрийн биеэр ирдэг. Гэхдээ ирэхгүй байгаа хүн ч бас байдаг. Тэр хүмүүс нотариат дээр очоод худалдах, худалдан авах, итгэмжлэх хийж өгдөг. Харин байгууллагууд албан бичиг хийгээд нөгөө хүндээ өгөөд явуулдаг.
-Нийтлэг гарч буй гэмт хэргийн талаар ярихгүй юу?
-Сүүлийн жилүүдэд автотээврийн хэрэгслийг хулгайлах, өмчлөгчийг залилан мэхлэх зэрэг гэмт хэрэг ихээр гарах боллоо. Мөн өмчлөгч эзэмшигч нар татвараа төлдөггүй, даатгалд хамруулдаггүй, оношилгоонд оруулдаггүй, ногдуулсан торгуулийг төлдөггүй, тээврийн хэрэгслээ хаана байгааг мэддэггүй зэрэг асуудал нийтлэг болсон.
-Байгууллага болон иргэний энэ мэт хайхрамжгүй байдлаас болж автомашины хуурамч бичиг баримт бүрдүүлэх гэмт хэрэг ихсэж байгаа гэж ойлгож болох уу?
-Зальт этгээдүүд иргэн байгууллагын энэ цалгар назгай байдлыг ашиглаж хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар өмчлөх эрхэд нь халдаж тээврийн хэрэгслийг бусдад худалдах, банк санхүүгийн байгууллагад барьцаалан мөнгө авах, автомашиныг нь ашиглан “хулгайлах, луйвардах, хүчиндэх” зэрэг бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж байна. Үүнээс гадна, огт шилжүүлэхгүйгээр нөгөө хүний нэр дээр байлгаад байдаг. Тэгэхээр торгуулийн хуудаснаас эхлээд эзэмшигчдийн гэрийн хаягаар хүргүүлдэг мэдээллүүд зөндөө байдаг. Хамгийн наад зах нь камерийн зөрчлийн торгууль байдаг. Зөрчил илэрсэн тохиолдолд байгууллагууд эзэмшигч рүү ханддаг. Тэгэхээр “Би машинаа зарчихсан” гэдэг. Эсвэл гэмт хэрэгт холбогддог. Эзэнгүй хэрэг гарлаа гэхэд хэргийг харсан гэрч болон камерийн бичлэгээс холбогдолтой байж болох машины дугаар гарч ирдэг. Тэрний дагуу эрэн сурвалжлах ажил эхлэхээр машины эзэн дээр л очно. Нөгөө хүн зарсан хэдий ч өөрийнх нь нэр дээр байдаг. Энэ мэтээр хууль хяналтын байгууллагад дуудагдах асуудал их гардаг. Энэ асуудлыг шийдэх зорилготойгоор тээврийн хэрэгсэл эзэмшигч өмчлөгч иргэн, байгууллагын дарга удирдлага та тээврийн хэрэгслийнхээ ашиглалтад бодитой хяналт тавьж бүртгүүлэх, аливаа өөрчлөлт шилжилт хөдөлгөөн хийлгэхдээ биечлэн очиж хэвшихийг уриалж байна.