ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Цолмон: Хүүхэдтэйгээ уулзах үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн хуулиар шийтгэнэ

O.Admin
2024-01-15

ХЗДХЯ-аас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж олон нийтээр хэлэлцүүлж байгаа. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын шинжээч М.Цолмонтой ярилцлаа

- Монгол Улсын гэр бүлийн эрх зүйн харилцааны өнөөгийн байдал ямар байна вэ?

- Манай улсын хувьд гэр бүлийн эрх зүйн харилцааг Иргэний хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхдэд тэтгэмж олгох, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хууль, Газрын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг 50 гаруй хуулиудаар зохицуулж байна. Гэр бүлийн тухай хууль нь хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулж байгаа суурь хуулиудын нэг бөгөөд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль 1999 онд батлагдсан. Тус гэр бүлийн хууль нь хувийн эрх зүйн суурь харилцаа байдлаар олон улсад тодорхойлогдож байгаа буюу нийгмийн халамж, дэмжлэгийн зохицуулж байгаа харилцаа биш гэдгийн энд онцлоё.

Гэр бүлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд тус хуульд нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан буюу бусад хуулийн шинэчлэлийг дагалдан өөрчлөлт оруулсан байна.

- 25 жил болж байгаа дээрх хуулиар одоогийн гэр бүлийн эрх зүйн харилцааг зохицуулах боломжгүй байгаа учраас энэ хуулийг шинэчлэх хэрэгцээ байна гэж харсан.

- Дээр дурдсанаар энэ хууль хэрэгжээд 20 гаруй жил болжээ. Хүн амын өсөлт, нийгмийн хөгжлийг даган хуулийн хэрэглээ, түүнийг шинэчлэх хэрэгцээ шаардлага улам өсөж байна. Иргэд, олон нийт болон тус хуулийг хэрэгжүүлдэг байгууллагуудын санал зэргээс хуулийг шинэчлэх хэрэгцээ хэдийн бий болсон байна. Түүнчлэн тус хуулийн гол зохицуулах харилцаа болох гэрлэлт дуусгавар болох харилцаанд нэн тэргүүнд хүүхдийн эрх ашиг хөндөгддөг. Монгол Улсад гэр бүлийн маргааныг оновчтой шийдвэрлэх, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал нэн чухал болоод байна.

- Монгол Улсын шүүхийн статистик тоо баримтаас дурдахгүй юу?

- 2020 онд 53678, 2021 оны эхний хагаст 20602 иргэний хэрэг шийдвэрлэснээс Гэр бүлийн тухай хуулиар 2020 онд 4732, 2021 оны эхний хагаст 2085 хэрэг шийдвэрлэсэн нь нийт хэргийн 10.1 хувийг эзэлж байна. Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа гэр бүлийн эрх зүйн маргааны тоо жилээс жилд нэмэгдэж байна.

ХҮҮХЭД, ЖИРЭМСЭН БОЛОН ХӨХҮҮЛ ЭМЭГТЭЙ, ЭСХҮЛ БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ, ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЦЭГ, ЭХ, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ, АХМАД НАСТАН, ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРГҮЙ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНИЙ ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ТЭРГҮҮН ЭЭЛЖИНД ХАМГААЛАХ ЗАРЧМЫГ БАРИМТАЛЛАА

- 1999 оноос хойш шинэчлэгдээгүй гэдэг утгаар хуулийн төсөлд томоохон өөрчлөлтүүд хийгдсэн гэж харсан.

- Хуулийн төслийг боловсруулахдаа хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчмыг голлон баримталлаа. Мөн хүүхдийн өмнө хүлээх эцэг, эх , асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж тусгасан. Хүүхэдтэй хамт амьдарч байгаа эсэхээс үл шалтгаалан хүүхдийн өмнө coparentalité буюу хамтран үүрэг хүлээлгээхээр зохицуулалтыг тусгасан.

- Хуулийн төсөлд эцэг эх байх эрхийг хязгаарлах, хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой харилцааг зохицуулсан байсан. Энэ тухайд?

- Хуулийн төсөлд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг, хариуцлагыг нарийвчлан зохицуулсан ба хүүхдээс тусдаа амьдарч байгаа эсэхээс үл хамааран хүүхдийн өмнө хүлээх эцэг, эхийн үүрэг хариуцлагыг coparentalité буюу хамтын хүлээх зарчмыг баримтлан тодорхой тусгасан. Хүүхдээс тусдаа амьдарч байгаа эцэг, эхийн эрх, үүргийг нэмэгдүүлэх зорилгоор Зөрчлийн тухай хуульд хүүхдээс тусдаа амьдрах эцэг, эсхүл эх хүүхэдтэй уулзах үүргээ удаа дараа хэрэгжүүлээгүй болон уулзах эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулсан бол зөрчлийн шийтгэл оногдуулах зохицуулалтыг нэмж тусгасан.

ХҮҮХДИЙН ТЭТГЭМЖ ТӨЛӨГЧИЙН ОРЛОГООС ХАМААРЧ ТУСГАЙ АРГАЧЛАЛЫН ДАГУУ ШҮҮХЭЭС ХҮҮХДИЙН ТЭТГЭМЖИЙГ ТОГТООНО

- Хүүхдийн тэтгэмжийг орлоготой нь уялдуулдаг байх саналыг иргэд хэлж байсан. Хуулийн төсөлд энэ тухай тусгасан уу?

- Манай улсын хувьд тэтгэмж буюу хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний хэмжээнээс тодорхой хувиар тооцон тэтгэмжийн хэмжээг тогтоож байна. Иргэд, олон нийтийн зүгээс хүүхдийн тэтгэмжийн хэмжээ хэт бага буюу хүүхдийн хэрэгцээнд хүрэлцэхгүй байх, нөгөө талаас тэтгэмж төлөгчийн орлоготой уялдахгүй байна гэсэн шүүмж гарч байна. Иймд “frequent, continuing and meaningful” зарчмын дагуу гэрлэлт цуцлалт, дуусгавар болсон харилцаанд хүүхэд болон гэр бүлийн гишүүдийн авах тэтгэмжийн хэмжээг өөрчилж тэтгэмж авагч болон тэтгэмж төлөгчийн нөхцөл байдалтай уялдуулж эрх бүхий байгууллагаас батлах аргачлалын дагуу шүүх шийдвэрлэхээр шинэ зохицуулалтыг тусгалаа. Ингэсгээр хүүхэд бүр өөрийн онцлогт нийцэхүйц тэтгэмж авна, хүүхдийн амьдарч байгаа орчин, нөхцөл өөрчлөгдөхгүй, тэтгэмж хүүхдийн өсөх, сурч боловсрох, хөгжихөд хүрэлцэхүйц болж, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хандагдах нөхцөл бүрдэнэ гэж үзсэн.

Түүнчлэн гэрлэлтийн гэрээ, гэр бүлтэй адилтгах харилцаа буюу хамтран амьдрагчид, үрчлэлтийг шүүхээр шийдвэрлүүлэх, олон улсын шинжтэй гэр бүлийн харилцаа, төрийн байгууллагуудын чиг үүрэг гэх мэт шинэлэг зохицуулалтуудыг тусгаад байна.

- Олон Улсад гэр бүлийн эрх зүйн харилцааг хэрхэн зохицуулдаг вэ?

- Бусад улсын  хуулийн өөрчлөлтийн жишгээс үзэхэд, гэр бүлийн хөрөнгийн эрх буюу гэрлэгчдийн дундаа хэсгээр өмчлөх, эсхүл хамтран өмчлөх эд хөрөнгийн эрхийн зохицуулалтыг сайжруулах, түүнчлэн тээгч эхээр хүүхэд тээлгэх, зохиомлоор үр суулгах, хамтран амьдрагчдын эрх зүйн асуудлыг шийдвэрлэх, хүйсийн өөрчлөлт8 гэр бүлийн харилцаанд үзүүлэх нөлөө, цаашдаад ижил хүйстний хамтын амьдралын хүлээн зөвшөөрөл  гэх зэрэг шинэлэг асуудлуудыг зохицуулж байна. ХЗДХЯ нь Чех, Польш, ОХУ, Исланд, Шинэ-Зеланд, БНСУ, Япон, ХБНГУ, БНХАУ, Канад, Финлянд зэрэг харилцан адилгүй соёл, уламжлал, хөгжлийн түвшин, эрх зүйн бүлтэй улс орнуудыг харьцуулж судлан хуулийн төслийг боловсруулсан.

Эх сурвалж: Familycenter.mn