ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Эрдэнэбаяр: Эдийн засгийг бүс бүсээр нь төлөвлөх боломж бүрдэнэ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-01-25

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Монголын хөгжлийн форум”-ыг хоёрдугаар сарын 1, 2-нд зохион байгуулна. Энэ хүрээнд "Бүсчилсэн хөгжлийн чуулган 2024"-ийг бүс, бүсээр нь зохион байгуулж байгаа бөгөөд өчигдөр зүүн бүсийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр Эдийн засаг хөгжлийн яамны Бүс орон нутгийн хөгжлийн бодлогын газрын дарга, БХҮБ-г шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга  Д.Эрдэнэбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Бүсчилсэн хөгжлийн эдийн засгийн зүүн бүсийн хэлэлцүүлэг өнөөдөр /01.24/ болж байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээс гарах үр дүнг та хэрхэн харж байна вэ. Бүсчилсэн эдийн засгийн үзэл баримтлалыг хэзээ шинэчлэн УИХ-д өргөн барих вэ?

-Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.  Үүнтэй холбогдуулан 2001 онд батлагдсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах шийдвэрийг УИХ-аас гаргасан. Энэ хүрээнд бүх бүсийн урьдчилсан хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд нэгтгэж, дахин нэгдсэн хэлэлцүүлэг болно. Түүний дараа УИХ-д өргөн барих юм.

- Манай улс 2001 онд бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулж байсан. Харин энэ удаа шинэчлэн боловсруулах үе шаттай хэлэлцүүлгийг зохион байгуулж байна шүү дээ. Энэ удаагийн онцлог нь юу байх вэ?

-2001 оноос хойш 23 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд дэлхий дахинд онолын маш олон чиг хандлага гарсан. Монгол Улсын дотоодод ч хэрэгцээ шаардлагууд ялгаатай байдлаар үүссэн. Тухайлбал, Оюутолгой, Тавантолгойг дагасан хүнд аж үйлдвэрийн, тээвэр ложистик, боомтын төлөвлөлт гээд говийн өөрийн онцлогтой бүс өнгөрсөн хугацаанд бий болсон.

Иргэд, ААН-үүд бүгд л мэдэж байгаа. Гэтэл Төв, Дархан-Уул, Сэлэнгэд ихэнх хүнс үйлдвэрлэгч ААН-үүд суурьшиж, гол хэрэгцээг тэр бүсээс хангаж байх жишээний. Монголын бүх төрт улсын нийслэлийн туурь, археологийн дурсгалууд Архангай, Булганы бүсээс олдож байна. Ердөө 50 км-ын радиус дотроос нь 4000-5000 түүхийн олдвор олдож байх жишээтэй. Энэ нөөцөө ашиглаад дэлхий дахинд соёлын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх консепциуд явж байна.

Дорнод, Сүхбаатар Хэнтийн бүсэд Транс Сибирийн маш дөт коридорууд Дэлхийн эдийн засгийн форумууд дээр яригдаж, хувийн хэвшлүүд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зураад эхэлсэн. Ялгаатай нөөцийг ялгаатай бодлогоор дэмжиж хөгжүүлбэл эдийн засаг эрчимтэй хөгжих боломжтой. Онолын хувьд ч ялгаатай бүсийг, ялгаатай бодлогоор хөгжүүлэх “Шинэ эдийн засаг газарзүйн онол” дэлхий дахинд гарч, улс орнууд бүсийн төлөвлөлт дээрээ ажиллаж эхлээд байна. Монгол Улс ч үүнтэй хөл нийлүүлж, бодлогоо шинэчлэх ёстой. Өмнөх бүсчилсэн хөгжлийн бодлого хэдий бүсээр батлагдсан ч, улс төрийн сонгуулиа 21 аймгаар явуулдаг байсан. Харин одоо сонгуулийн бүсчлэл нь батлагдсан. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгө оруулалтын орон зайн хуваарилалтын шинэ механизм хүссэн хүсээгүй УИХ-д бий болсон учраас бодлогын орчноо тодорхой болгох шаардлага үүссэн гэж үзэж байгаа.

-Бүсүүдийн урьдчилсан хэлэлцүүлэгт орон  нутаг дахь салбар салбарын төлөөлөл оролцож байна. Тэдний зүгээс ямар санал, санаачилга хэлж байна вэ?

-Төлөвлөлтийн доороос дээш, дээрээс доош чиглэсэн олон арга хэлбэрээр явуулдаг. Энэ удаагийн хэлэлцүүлгүүд доороос дээш чиглэсэн буюу тухайн бүсэд ажиллаж, амьдарч буй иргэн, ААН, иргэний нийгмийн байгууллагаас эхлээд УИХ-ын холбогдох гишүүд оролцож буйгаараа онцлогтой. Тухайн бүсэд ажиллаж, амьдарч буй иргэд өөрсдөд нь ямар хэрэгцээ шаардлага байгааг маш сайн мэдэж байгаа.

Үүнийг шинжлэх ухааны судалгаатай уялдуулж, нэгтгэж чадвал бүх талын төлөөллийн саналыг тусгасан харилцан уялдаатай бодлого гарна гэж үзэж байна. Тийм учраас орон нутгаас үнэтэй, санал, санаачилгууд гарна гэж найдаж байна.  Бид өнгөрсөн долоон жилийн хугацаанд орон нутагт гурван удаа хэлэлцүүлэг хийж байсан. Одоо УИХ-д өргөн барихын өмнө дөрөв дэх удаагаа хэлэлцүүлж байгаа юм. Богино хугацаанд гэнэт гаргаж ирсэн зүйл биш. ЖАЙКА, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагын судлаачдын багтай хамтран ажиллаж, саналыг нь нэгтгэн тусгасан.

-Зүүн бүсийнхний хувьд ямар онцлог, давуу талтай байна вэ. Ямар нөөц боломжид нь тулгуурлан санал, санаачилга тусгаад явж байна вэ?

-Хамгийн дөт шинэ транзит тээвэр,  Хөөтийг уурхайг дагасан хүнд үйлдвэрийн маш том нөөцүүд бий. Үүнийг дагасан үйлдвэр технологийн паркийн төлөвлөлтүүд бас явж байгаа. Эдийн засгийн томоохон коридорын төслүүд явж байна. Ялангуяа орон нутгийн стратегийн гол нөөцүүд үйлдвэр, хувийн хэвшлийн байршлуудаа хамгийн дөтөөр яаж холбох гэх мэт шаталсан тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээг байгуулах, орон нутгийн түүхий эд бэлтгэл, ханган нийлүүлэлт, хөнгөн үйлдвэрлэлийн ложистик төвүүдийг зохион байгуулах, нөөцтэйгөө уялдсан их дээд сургуулийн салбаруудаа дэмжин хөгжүүлэх, бүх аймагт инженер технологийн сургуулиудыг МСҮТ, политехникийн коллежуудтай өргөтгөн зохион байгуулах, эмнэлэг, цэцэрлэг, сургууль, соёлын төвийг оновчтой төлөвлөж байршуулах ажлуудыг тусгасан.

-Долдугаар сард Эдийн засгийн форум болоход манай улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал эцсийн байдлаар бэлэн болсон байна гэж ойлгож болох уу?

-Хоёрдугаар сарын 1, 2-нд Эдийн засгийн форумын салбар хуралдаан болох юм. Бүсчилсэн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд бүсчлэлд илүүтэй анхаарч хэлэлцүүлнэ. Долдугаар сард болох форумаар бүх бодлого тодорхой болсон байх учраас гадаад дотоодын хөрөнгө оруулагч, томоохон ААН-ийн төлөөллийг оролцуулахаар төлөвлөж байна.

Маш тодорхой байршилтай төслийг хэлэлцэх боломж бүрдсэн байх болов уу. Өмнө нь нэг төслийг хэлэлцдэг байсан бол одоо цогц уялдаатай орон зайн эдийн засгийн төлөвлөлтийг бүс бүсээр нь, нийт улсаар нь төлөвлөх боломж бүрдэнэ.