ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өмнөговь аймаг “Хүмүүн бичиг” сонины захиалгыг мянга хүргэнэ

O.Admin
2024-01-29

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Үндэсний бичиг соёлын жил” болгон зарласантай холбогдуулан Өмнөговь аймаг уламжлалт “Хос бичигтэн-2024” аяныхаа нээлтийн ёслолыг 01 дүгээр сарын 26-ны баасан гараг буюу 17-р жарны “Үзэсгэлэн болгогч” усан туулай жилийн өвлийн сүүл сарын шинийн 15-ны өлзийт сайн өдөр, тус аймгийн шинэ тутам бүтээн байгуулсан Хөгжимт жүжгийн театрт зохион байгууллаа. 

Аяны зорилго нь, 2025 оноос үндэсний монгол бичгийг төрийн албанд хослуулан албан ёсоор хэрэглэж эхлэхтэй холбогдуулан аймгийн хэмжээнд дээрх зорилттой холбоотой бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн хангах, төрийн байгууллагын ажилтнуудыг үндэсний бичгийн ахисан шатны мэдлэг чадвартай болгон бэлтгэх ажлаа эрчимжүүлэхэд чиглэжээ.

“Хос бичигтэн Өмнөговь аймаг” аяны нээлтийн ёслолд тус аймгийн төрийн албан байгууллагууд, СӨБ-ын болон ЕБС-ийн багш ажилтнууд, тэдгээрийн дарга удирдлагууд оролцлоо. Аймгийн удирдлагуудыг төлөөлж Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж, тус аймгийн БШУГ-ын дарга Д.Баасанхүү, ХБҮЗ-ийн аймгийн Салбар Зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Цэцэгмаа нар болон төрийн бусад байгууллагын удирдлагууд хүрэлцэн ирж оролцсон бөгөөд чуулганы төлөөлөгчид үндэсний монгол дээл хувцсаараа жигдрэн гоёсон нь илүү хүндэтгэлтэй харагдаж байлаа.

“Хос бичигтэн Өмнөговь” аяны 2024 оны гарааг эхлүүлж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд мөнхүү аяныг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах Ажлын хэсэг байгуулсан байна. Тус Ажлын хэсгээс зохион байгуулж, урилга хүсэлт илгээснээр БШУЯ-ны Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Дэд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Ц.Бумангэрэл, Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины ахлах редактор, монгол хэл, бичиг судлаач багш, МУСГЗ Б.Элбэгзаяа, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Д.Ганболд, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын ЭША, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Г.Батзаяа нар Улаанбаатар хотоос хүрэлцэн ирж, салбарын яамнаас хэрэгжүүлж буй бодлого, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын зорилт, явц, үр дүн, саяхан болсон “Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулганы үр дүн, монгол бичгийн түүх, хэрэглээ, төрийн бичиг болгон хэрэглэх бодлогын учир шалтгаан, үндэсний бичгээр тогтмол гаргадаг цорын ганц хэвлэл “Хүмүүн бичиг” сонины захиалга, хэрэглээний байдал, “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааны зэрэг сэдвээр лекц уншиж, мэдээлэл хүргэлээ.

Чуулганы дараа Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж, тус аймгийн БШУГ-ын дарга Д.Баасанхүү нар аяны нээлтэд Улаанбаатар хотоос оролцсон эх хэл бичгийн эрдэмтэн судлаачдыг хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр “Хүмүүн бичиг” сонины ахлах редактор Б.Элбэгзаяа, сүүлийн жилүүдэд Өмнөговь аймагт тус сонины захиалгын үзүүлэлт хангалтгүй байгааг мэдээлж, төрийн албан хаагчид үндэсний бичгээ суралцах, хэрэглэх гол орчин бүрдүүлж буй сонины захиалгыг нэмэгдүүлэх талаар саналаа илэрхийлж, хамтарч ажиллах боломжийн талаар мэдээлэл солилцлоо. Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж, Өмнөговь аймаг 70 мянган хүн амтай бөгөөд үүнтэй харьцуулбал “Хүмүүн бичиг” сонины захиалга тун хангалтгүй байгааг ойлгож, энэ талаар анхаарал хандуулан ажиллаж, “Хос бичигтэн” аяны хүрээнд тус сонины захиалгыг аймгийн хэмжээгээр наад зах нь 1000-аас доошгүйд хүргэж ажиллах болно хэмээн амласан юм.

Өмнөговь аймагт “Хүмүүн бичиг” сониныг 2022 оны дөрөвдүгээр улиралд 18 ш, 2023 оны нэгдүгээр улиралд 10 ш, мөн оны хоёрдугаар улиралд 10 ш, 4-р улиралд 53 ш, энэ цаг үед буюу 2024 оны нэгдүгээр улирлын үндсэн захиалгаар 11 ш-ийг тус тус захиалсан үзүүлэлттэй байна.