ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

П.Төгсжаргал: 72 цагийн дотор уудаг дааврын бэлдмэлүүд сөргөөр нөлөөлдөг

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-09-17

“Хөхний эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээ” сэдэвт анхдугаар форум энэ сарын 14-15-ны өдрүүдэд боллоо. Энэ үеэр хөхний хавдар болон эрт илрүүлгийн талаар Хөхний дүрс оношилгооны нийгэмлэгийн тэргүүн П.Төгсжаргалаас тодрууллаа.

-Манай улсад хөхний эмгэгийн оношилгоо, эмчилгээ ямар түвшинд байна вэ?

-Хувийн болон ХСҮТ-д тодорхой хэмжээгээр оношилгоо хийдэг. Оношилгоо нэлээн эрчимтэй хөгжиж байгаа. Хөхний эхо ч мөн хөгжиж байна. Харин эмэгтэйчүүдэд хөхний эмгэгийн оношилгоо, эмчилгээний талаар мэдээлэл муу байгаа учир төөрөгдөлд ордог. Хөхөө үзүүлье гэж шууд ХСҮТ рүү ирдэг. Хөх хөндүүрлэлээ гэхэд хавдар ч байж болно. Эсвэл энгийн өвдөлтүүд ч байж болох юм. Тиймээс эхний ээлжид эмч мэргэжилтнүүдээ хөхний талаар мэргэшүүлж, мэдээллээр хангах зорилготой ажиллаж байгаа.

-Хөхний хавдар Монгол Улсын хэмжээнд ямар байна вэ. Эрт илрүүлэхийн тулд яах ёстой вэ?  

-2017 оны байдлаар дөрөвдүгээр байрт орсон. Харин 2010 оны статистикаар хөхний хорт хавдар нийт эмэгтэйчүүдийн дунд тавдугаар байрт явж байна. Тухайн үед хожуу үе шатандаа оношлогддог хавдар болсон байсан. Нас баралтын түвшин өндөр байгаа болохоор үүнийг бууруулах зорилгоор тэмтрэх арга хэрэглэсэн. 2012 оноос эхлээд Мянганы сорилтын сангийн тусламжтайгаар 2013 оноос манай улсын хэмжээнд хөхийг тэмтрэх аргаар эхэлсэн бөгөөд эмч нарыг хөхийг тэмтрэх аргад сургасан. Тухайлбал, 30-40 насны эмэгтэйчүүд жилд нэг удаа тухайн харьяаллын дагуу хөхөө тэмтрүүлэх эрхтэй байсан. Ингэснээр хөхөнд дохио өгч, дараагийн шатлал руу явуулаад эрт илрүүлье гэсэн зорилготой байсан юм. Энэ арга нь үр дүнгээ өгч эрт илрүүлэг нь 66.6 хувь болж өссөн. Эрт оношилсон тохиолдолд эдгээх боломжтой.

-Ямар үед хөхөө тэмтэрч үзэх ёстой вэ. Хөхний эмгэгтэй тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Сарын тэмдэг ирснээс хойш 12-14 хоногийн дараа хөхөө тэмтэрч үзэх хэрэгтэй. Өөрөө ч байж болно. Эсвэл гэр бүлийнхээ хэн нэгнээр тэмтрүүлж болно. Хөхөө тэмтэрч байх үед бэрсүү тэмтрэгдэнэ, өвдөлт өгнө, хөхний толгойноос ямар нэгэн ялгадас гарна. Цусархаг ч юм уу. Үүнээс гадна хөхний толгой болон арьс дотогшоо татагдах, сэтгэл санаа тогтворгүй болох зэрэг янз бүрийн шинж тэмдэг илэрч болно.

-Хөхөө тэмтэрч үзэхэд дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд хаана хандах вэ?

-Амьдарч байгаа дүүргийнхээ эмнэлгийн хавдрын болон эх барих эмэгтэйчүүдийн мэргэшсэн эмч, мэс заслын эмчид хандах боломжтой. Мөн дүүрэгтэй очоод нарийн мэргэжлийн эмч нарт хэт авиан шинжилгээ хийлгэх, шаардлагатай. Түүнчлэн томографийн зураг авахуулах, шинжилгээ хийлгэх ёстой. Эмгэг илэрч, сэжигтэй тохиолдол илэрвэл Хавдар судлалын үндэсний төв рүү илгээх зарчмаар явдаг.

-Хөхний хавдар хожуу үедээ илэрч байгаа шалтгаан нь юу юм бол?

-Тухайн хүнээс их шалтгаалдаг. Хөх бол хамгийн чухал эрхтэн. Өөртөө анхаарал тавьж байх нь чухал. Өөрөө хөхөө тэмтэрч үзэх хэрэгтэй. Энэ аргыг тогтмол хэрэглэж, зуршил болгох ёстой. Мөн хөхний эмгэгийн талаар мэдээлэл сайтай байх хэрэгтэй. Зовиур илэрсэн тохиолдолд зөв газраа очих ёстой.

-Хөхний хавдар юунаас болж үүсдэг вэ?

-Таргалалт, удамшил, архи тамхины хэрэглээ, гормоны өөрчлөлт, үр хөндөлт, дааврын орлуулах эмчилгээ, жирэмслэлтээс хамгаалах эмнүүд байна. Мөн 72 цагийн дотор уудаг өндөр тунтай дааврын бэлдмэлүүд сөргөөр нөлөөлдөг. Хөхүүл эх хүүхэддээ хөхөө огт хөхүүлэхгүй байх нь хөхний хорт хавдар үүсгэх эрсдэлтэй.