ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХӨНДӨХ СЭДЭВ: Малчдадаа боодол өвс ачаад оч, нутгийн зөвлөлүүд ээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-02-14

Засгийн газрын тогтоолоор зудын нөхцөл байдлын судалгаа хийжээ. Ингэхэд Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувь цасан бүрхүүлтэй, таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зуд нүүрлэсэн, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 суманд цагаанаар зудархуу байна гэсэн дүн гарчээ.

Зудтай газарт цасны зузаан гуу жалгадаа нэг метр хүрч, хунгарлаж шуурсан хэсэгтээ 60 см, тэгш газарт 39 см хүрч байна.

Хавар ирж, цаг агаар дулаарахад шар усны үерийн нөхцөл байдал зөвхөн хөдөөд бус, хотод ч нүүрлэж болзошгүйг албаныхан анхааруулсаар байна. Энэ өдрүүдэд монголчууд бид хахир өвлийг давж, урин хаврыг угтсан сар шинийн баяраа тэмдэглэж ахмад настнуудаа хүндэтгэн золгож байна.

Золголтын үйл ажиллагаа ураг төрлөөс хальж, байгууллага, нутгийн зөвлөлийн золголтоор үргэлжлэх нь гарцаагүй. Монголчууд бид ядарч явахад нөхрийн чанар танигдана гэдэг мэргэн үгээр үр хойчоо сурган хүмүүжүүлж ирсэн ард түмэн. Тэгвэл яг одоо бидний тусламж малчдад хэрэгтэй байна.

Kiran gaggawa na Red Cross: matsananciyar hunturu na barazana ga makiyayan  Mongolian

Намар эрт цас унаснаас хойш нийт нутгийн 80-90 хувьд цагаан зуд нүүрлэж, малын хамар хатгах өвсгүй нөхцөл байдалд малчид нутаг нутаг дамжин оторлож, өөрсдийн нөөц боломжоор өнөөдрийг хүртэл тэслээ.

Мал сүрэг бол Монголын баялаг. Малчдын амьдралын үнэт зүйл, эд хөрөнгө, бас амин зуулга. Жилийн дөрвөн улирлын өнгийг дагаж, өөрсдөө ч хувьсан мал сүргээ өсгөн, хөдөлмөрлөдөг тэд хэзээ ч тусламж гуйж, гомдоллож байсангүй. Харин ч аливаа нэгэн хандивын үйл ажиллагаанд  хотон дахь хониноосоо хамгийн тарга тэвээрэг сайтайг нь барьж өгч дэмждэг нь тэд.

Тиймээс чадах ядахаараа малчдадаа туслая. Байгууллага, хамт олноороо хандивын аян өрнүүлж, малчдадаа хэцүү үед нь туслая.

Нутгийн зөвлөлийн эрхэм дарга нараа хавтгайрсан баяр ёслол тэмдэглэхийн оронд малчдадаа боодол өвс бариад очооч. Тэр чинь л өнөөдрийн дэлгэсэн хадаг, барьсан хөөрөг, зассан ширээнээс чинь илүү үнэ цэнтэй.

Өмнө нь өвөлжилт хүндэрсэн үед сургууль, цэцэрлэгийн багачууд лаа шүдэнз, байгууллага хамт олон малын нэмнээнээс эхлээд өвс тэжээл, боломжтой бүхнээ цуглуулж, малчдыг зорьсон цуваа тасардаггүй байлаа. Мал төллөх цаг эхэлсэн, малчдын байдал улам л хүндрэх нь. Тусламж хэрэгтэй нэгнээ хаядаггүй уламжлалаа үргэлжлүүлж, тэвдсэн малчдадаа тэвнээр ч болтугай туслах цаг болжээ.