АНУ-ын Үндэсний хөлбөмбөгийн аварга шалгаруулах 58 дахь удаагийн "Супер боул"-ын парадын үеэр болсон зэвсэгт халдлагын шалтгаан “хувийн маргаан” байсныг тогтоосон тухай цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.
Тус зэвсэгт халдлага орон нутгийн цагаар энэ сарын 14-ний 14:00 цагийн үед болсон бөгөөд нэг хүн нас барж, 20 гаруй хүн гэмтэж бэртсэн. Хохирогчдын ихэнх нь өсвөр насны хүүхдүүд байсан юм.
Тэгвэл Канзас хотын цагдаагийн газраас “Энэ удаагийн халдлага терроризм болон хэт даврагч бүлэглэлтэй ямар ч холбоогүй. Хувийн маргааны улмаас буудалцсан. Гэмт хэрэгтнүүдийг бүгдийг нь баривчилсан. Тэдний хоёр нь насанд хүрээгүй хүүхэд. Одоогоор өөр хүн холбоотой эсэхийг шалгаж байна” хэмээн мэдээлжээ.