Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил Баян-Өлгий, Ховд аймагт өнгөрсөн 05 дугаар сард анх удаа бүртгэгдэж, лабораториор баталгаажсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газраас холбогдох шийдвэрүүдийг шуурхай гарган, аймаг, сумдын Онцгой комисс, Мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран өвчнийг хязгаарлах, өвчилсөн малыг устгах, голомт болон хязгаарлалтын бүсэд байгаа малыг дархлаажуулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн.
Тухайлбал, БНХАУ-аас SAT-1 хэвшлийн 1 сая 650 мянган тун вакцин оруулж ирж, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нийт 2.5 сая толгой малыг дархлаажуулалтад хамруулж, өвчний тархалтыг бүрэн хязгаарлаж, хяналтад аваад байгаа юм.
Тэгвэл Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шийдвэр, Мал эмнэлгийн ерөнхий газрын хэрэгжүүлж буй шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны улсын төв (FGBI "ARRIAH")-д 2026 оны 7 дугаар сард үйлдвэрлэсэн, 180726 цувралын дугаартай 2.0 сая тун О, SAT-1 хэвшлийн шүлхий өвчнөөс сэргийлэх вакциныг 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот дахь “Интердесишн” гаалийн хяналтын талбайд хүлээн авчээ.
Вакциныг тусгай зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр 2026 оны 7 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд холбогдох аймаг, орон нутагт бүрэн хүргэх ажлыг шуурхай зохион байгуулж, өнөөдөр буюу 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс нэмэлт дархлаажуулалтын ажлыг эхлүүлээд байна.