ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нарангэрэл: Хүүхэд дархлаагүй байдаг учир вакцин хийлгэх ёстой

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-09-19

Томуугийн эсрэг вакциныг арваннэгдүгээр сараас эхлэн өрхийн эмнэлгүүдэд хийж эхлэнэ гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа. 

-Томуугийн вакциныг өрхийн эмнэлгүүдэд хийнэ гэсэн үнэн үү. Хэчнээн тун вакцин хийхээр төлөвлөж байгаа вэ? 

-Томуугийн улирал угтуулаад 125 мянган хүн/тун вакцин авахаар төлөвлөсөн. 45 мянган хүн/тунг НҮБ-ын хүүхдийн сангаас Засгийн газрын хөрөнгөөр, 80 мянган хүн/тун вакцин Америкийн томуутай тэмцэх, сэргийлэх байгууллагаас хандиваар ирнэ. Аль аль вакцин нь аравдугаар сарын дундуур ирнэ. Томуугийн вакциныг хоёр янзаар хийхээр төлөвлө­сөн. Нэгдүгээрт, өрхийн эмнэлгүүдэд хийнэ. Өрхийн эмнэлэгт хийхдээ агаарын бохирдол ихтэй гэр хорооллын цэцэрлэгийн хүүхдүүдэд хийх юм. Хоёрдугаарт, эмнэлгийн ажилтнуудад хийнэ. Яагаад гэвэл эмнэлгийн ажилчид эрүүл байж өдөрт 20-30 хүнд, зарим нь 40-50 хүнд, 400 хүнд ч үйлчилдэг. Тиймээс эмнэлгийн ажилчид өөрсдөө халдвар авахгүй, тараахгүй байхын тулд эмнэлгийн ажилчиддаа хийнэ. Мөн эрсдэлт бүлгийн, өндөр настай хүмүүст хийх юм. Тухайн жил ирж байгаа вакцин нь энэ жил дэлхий дахинд ямар томуугийн төрөл байх вэ гэдгээс шалтгаалаад ДЭМБ зарладаг. Тэрэнд нь тохирсон вакциныг захиалсан. 

-Томуугийн вакциныг хэдэн төгрөгөөр хийх вэ? 

-Томуугийн вакцины мөнгийг Засгийн газраас гаргаж байгаа боловч иргэддээ үнэ төлбөргүй хийнэ. Мөн иргэн өөрөө хүссэн тохиолдолд тодорхой хэмжээгээр сайн дурын дархлаажуулалт хийлгэх боломжтой. Гэхдээ томуугийн вакциныг зургаан сартайгаас дээш хийдэг. Сайн дурын тарилга хийлгэхэд тухайн вакцинаас хамаараад 5-10 мянган төгрөгийн үнэтэй байх юм. 

-Ямар хүнд вакцин хийх боломжгүй вэ? 

-Тухайн вакцины найрлагад орсон бодисонд эсрэг заалттай, өндгөнд харшилтай, ханиадтай үед хийхгүй. Мөн хурц халдварт өвчтэй, томуугийн болон өөр төрлийн вакцин хийлгээд харшилж байсан бол, өндөр халуурч байгаа тохиолдолд вакцин хийж болохгүй. Үүнээс гадна, ямар нэгэн өвчин хурц байгаа тохиолдолд хийхгүй. 

-Соошлоор нэгэн эмэгтэй вакцин хийлгэхгүй байж болно гэснээс болж зарим эцэг, эхчүүд хүүхэддээ товлолын дагуу вакцин хийлгээгүй байна. Энэ нь зөв үү. Хүүхэддээ товлолын дагуу вакцин хийлгэхгүй байж болох юм уу?  

-Тухайн хүүхэд дархлаагүй байдаг учир вакцин хийлгэх ёстой. Вакцин хийлгээгүй тохиолдолд хүүхэд өөрөө өвдөхөөс гадна хажууд нь байгаа хүмүүс мөн өвдөх аюултай. Үүний үр дагавар нь Европын холбооны улсуудад гараад байгаа улаанбурханы дэгдэлтээс болж 129 мянган хүн өвдсөн. Мөн ОХУ-д 41 мянган хүн өвдчихөөд байна. Шалтгаан нь вакцин хийлгэхгүй байх юм. Улаанбурхан бол нэг хүн халдвартай байхад 10 хүнийг өвчлүүлдэг. Ийм учраас олон хүнийг хамраад дэлхийн нийтийн асуудал болдог. Тухайн хүн вакцин хийлгэхгүй байна гэдэг нь нэг хүний асуудал биш. Дэлхийн нийтийн асуудал болдог. 

-Вакцин хийлгэсэн тохиол­долд ямар үр дүн гарах вэ? 

-Хүн 10, 20 жил тухайн өвчнөөр өвдөхгүй байх дархлаатай болно. Мөн гадаадад явж байхад тухайн оронд гарч байгаа өвчнөөр өвчлөхгүй байх баталгаатай. Түүнчлэн,  эмэгтэйчүүд улаан од өвчнөөр өвдсөн тохиолдолд сэтэрхий уруултай, төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүд төрдөг. Энэ эрсдэлээс хүүхдээ хамгаалж байгаа юм. 

-Тэгвэл вакцин хийлгээгүй тохиолдолд яах вэ? 

-Нярай хүүхдэд томуугийн вакцин хийхгүй. Тиймээс товлолын дагуу бүх вакцинаа хийлгэх ёстой. Товлолын зай алдагдсан тохиолдолд үр дүн байхгүй болно. Вакцин хийлгээгүй тохиолдолд тэр хүн өөрөө болон хүүхэд нь л хохирно. Вакцин хийлгэсний дараа тухайн хүүхдийн биеийн онцлогоос шалтгаалаад хэсэг газрын урвалууд их өгдөг. Тэр зэргийг нь хүмүүс дөвийлгөөд байдаг. Манайд хийж байгаа томуугийн вакцин нэгдүгээрт, ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу баталгаатай үйлдвэрээс авдаг. Монгол Улсын эмийн бүртгэлд оруулсан, шаардлага хангасан вакцин байдаг. Ганц томуугийн вакцин хийлгэлээ гээд ханиад хүрэхгүй байна гэсэн үг биш. Үүнээс гадна, гараа угаах, маск зүүх, бага насны хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахгүй байх, цэгэн массаж, дархлаа сайжруулах, монгол уламжлалт арга гэх мэт цогц аргуудыг хэрэглэх хэрэгтэй.