ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Сэлэнгэ: Сургуулийн орчинд худалдаалж болохгүй хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг ил болгох нь чухал

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-09-20

Ерөнхий боловсролын сургуулиуд хүүхэд хамгааллын бодлоготой болж, удирдах ажилтнуудад зориулсан “Ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх арга зүй” сургалт энэ сарын 18-нд болсон юм. Уг сургалтын талаар ГБХЗХГ-ын Хүүхдийн хөгжил хамгааллын газрын дарга О.Сэлэнгээс тодрууллаа.

-Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ сарын 18-нд сургуулийн захирал, нийгмийн ажилтан, хичээлийн эрхлэгч зэрэг Улаанбаатар хотын ЕБС-ийн 500 гаруй төлөөлөл уулзлаа. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6.1-т “Сургалтын байгууллага хүүхэд хамгааллын бодлогыг тухайн байгууллагад хэрэгжүүлэхдээ хөтөлбөр, төлөвлөгөө гарган, мөрдөж ажиллана” гэсэн байдаг. БСШУСЯ-ны сайдын тушаал гараад сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлогын талаар ярилцаж, хэрхэн шийдвэрлэх, хэрэгжүүлэх талаар ярилцсан юм.

Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын асуудал тулгамдаж байгаа асуудлын нэг болсон. Учир  нь хүүхдэд ээлтэй байх, сургуулийн орчин ирж, очиход аюулгүй байх, хүүхэд нэг бүрийг оролцуулах зэрэг цогц асуудлуудыг харах ёстой. Хүүхэд хамгааллын бодлого гэхээр хүүхдийн эрхийн зөрчил, гэмт хэргийн асуудал биш. Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудал гэх мэт олон асуудал хөндөгдөнө. Тиймээс хүүхэд хамгааллын бодлогын асуудлыг ярилцсан юм. Цаашид хүүхдийн сургуулийн орчинтой холбоотой нөхцөл байдлыг хэрхэн үнэлж дүгнэх, хүүхдэд эрсдэлд нөхцөл байдал үүссэн тохиолдолд хэрхэн хариу үйлчилгээ үзүүлэх, хүүхдэд тулгамдаад байгаа олон асуудалд яаж хамтарсан багаар ажиллах талаар ярилцлаа.

-Цаашид ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа вэ? 

-Сургуульд сэтгэл зүйчийн асуудлыг зайлшгүй ярих шаардлагатай болсон байна. Үүнээс гадна, багш хүн хүүхдүүдтэй харилцах харилцааны асуудалд зөв шийдэлд хүрэх гарц зайлшгүй шаардлагатай. Учир нь багш хүүхдүүдтэй зохисгүй харилцах асуудал өнөөдөр хүртэл байсаар байгаа. Багшаас гадна эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцах харилцаа давхар хөндөгдөж байгаа юм. Тиймээс Хүүхэд хамгааллын тухай хуульд багш нар хүүхдүүдтэй эерэг аргаар харилцах ёстой гэсэн заалт байдаг. Энэ талаар бас ярилцсан. Хүүхэд хамгааллын бодлогод хүүхэд хамгааллын байгууллагаас гадна эцэг, эхчүүд, хүүхдүүд, сургуулийн удирдлагууд хүртэл үүрэг хүлээж ажиллах ёстой юм. Энэ талаар сургуулийн удирдлагууд мэдээлэл сайн авсан байх гэж найдаж байна.

-Сургуулийн орчинд хүүхдүүдээ хамгаалахын тулд хийх хамгийн энгийн алхам юу вэ?

-Зарим нэг зүйлийг тухайн сургуулийн захирал, нийгмийн ажилтан, багш нар хоорондоо ярилцаж байгаад дотооддоо асуудлаа шийдэх боломжтой. Мөн хүүхдүүдээ хамгаалах, аюулгүй байдлыг нь хангахын тулд юу хийх талаар ярилцах ёстой байдаг. Тог, цахилгааны аюулгүй байдлыг сургуулийн орчинд хэрхэн хамгаалах, сургуулийн үүднээс сургалтын үйл ажиллагаа хэвийн явуулах, тэрэнд ямар үнэлгээ хийх талаар ч ярилцсан болно.

-Хүүхэд хамгааллаас гадна зөв хооллолтын асуудал бас их чухал байдаг. Сургуулийн орчин дахь хүнсний аюулгүй байдал ямар байна вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн салбарт санаа зовж байгаа асуудлын нэг бол зохисгүй хооллолтын асуудал. Өглөө эрт хичээлтэй гээд юм идээгүй ирдэг. Буруу хооллохоос гадна буруу зуршил хүүхдийн амьдралд нөлөөлж байна. Тиймээс хүүхдийнхээ зохисгүй хооллолтыг анхаарах хэрэгтэй. Хүнсний аюулгүй байдал тухайн хүний амьдралын хэв маягт чухал нөлөөтэй байдаг. Сургуулийн орчинд худалдаалж болохгүй хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байгаа. Уг жагсаалтыг олонд ил болгох хэрэгтэй. Энэ талаар хүүхдүүд мэдэхгүй байна. Хүүхдүүдээс гадна багш нар ч өөрсдөө мэдэхгүй байдаг.