"Google" компани, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтарч мэргэжлийн цахим ур чадвартай 1000 боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааны хүрээнд “Grow with Google Mongolia” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ Энэ дагуу эхний ээлжийн 350 иргэнийг зургаан чиглэлийн дагуу цахим ур чадварын сургалтад хамруулахад бэлэн болсноо ЦХХХ-ны яамнаас өнөөдөр зарлалаа.
ЦХХХ-ны сайд Н.Учрал тус үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-д айлчилсан. Айлчлалын хүрээнд "Google" компанийн Засгийн газартай харилцах, нийтийн бодлого хариуцсан Дэд Ерөнхийлөгч Марк Исаковицтай уулзаж, тус компанид мэргэжилтэн бэлтгэх асуудлаар санал солилцсон билээ. Дараа нь арваннэгдүгээр сард "Google" компани Монгол Улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулж, энэ оны нэгдүгээр сард манай салбарынхан АНУ-д айлчлах үеэр мөн л тус компаний Дэд Ерөнхийлөгчтэй уулзалт хийж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг эхлүүлэхээр тохиролцсон. Ингээд эхний ээлжийн 350 суралцагчийг нээлттэйгээр сонгон шалгаруулж, өнөөдрөөс эхлүүлж байна.
Сонгон шалгаруулалтад маш олон залуус хүсэлтээ ирүүлсэн. Тэднээс сонголт хийхэд бэрх байсныг манай багийнхан илэрхийлж байгаа. Эхний 350 суралцагч энэ хөтөлбөр цаашид хэрхэн үргэлжлэх, ямар үр ашигтай байх, цаашид яаж амилахыг шийдэх юм. Тийм учраас Монголынхоо нэрийг "Google" компанид сурталчлах чухал үүргийг та бүхэн гүйцэтгэх болно. Олон улсын компаниуд бидний хөтөлбөрийг цаашдаа хэрхэн дэмжих эсэх нь эхний 350 суралцагчаас шалтгаална. Засгийн газар, ЦХХХ-ны яам улсын төсвөөс тодорхой санхүүжилтийг шийдвэрлэж байгаа. Өнөөдрийн 350 суралцагч сургалтаа дуусгаад хувийн хэвшлийнхний дэмжлэгтэйгээр ажилд зуучлагдана.
Манай технологийн салбар мэргэжлийн дипломоос илүү тухайн хүний ур чадварыг чухалчилдаг онцлогтой.
Би ЦХХХ-ны сайдаар томилогдсоныхоо дараа яамны дэргэдэх төрийн өмчит компаниудад бакалавр, магистрын зэрэг шаардахгүй байх шийдвэр гаргасан. Бакалавр, магистрын зэргээс илүү үнэ цэнтэй олон мэргэшсэн сертификатууд бий. Тэдгээрийн нэг нь өнөөдрийн "Google" компаний сертификаттай сургалт байх болно гэж ойлгож байгаа. Энэ хөтөлбөр та бүхний хичээл, зүтгэл, оролцоонд суурилсан хөтөлбөр байх болно” гэлээ.
Мөн "Google" компанийн Кайле Гарднер цахимаар мэндчилгээ дэвшүүлж нийт оролцогчдод баяр хүргэж амжилт хүслээ.
Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын бүртгэл гуравдугаар сарын 18-наас 22-ны хооронд үргэлжилсэн бөгөөд үе, үеийн төлөөлөл болсон 2500 гаруй иргэн хүсэлтээ илгээснээс 350-ыг нь шалгаруулжээ. Тэдний дунд 17 настай төгсөх ангийн сурагчаас эхлээд малчин, багш, гэрийн эзэгтэй, тэтгэвэртээ гарсан ахмад настан гээд нас, насныхан "Google"-ийн хүний нөөцөө бэлтгэх аргачлалаар цахим мэргэжлийн ур чадвар эзэмшиж, карьерын үсрэлт хийхээр элсэн орсоноороо онцлог байлаа. Хөтөлбөр нь цахим, танхим хосолсон хэлбэрээр явагдах бөгөөд дадлагажих, ажлын байранд зуучлах үйл ажиллагаа ч багтаж байгаагаараа онцлогтой.
Гурван сарын хугацаанд цахимаар англи хэл дээр "Coursera" платформ дээр явагдаж, бататгах болон ажлын байранд бэлдэх зөөлөн ур чадварын сургалтууд монгол хэл дээр танхимаар зохион байгуулагдах аж.
"Google" компанийн албан ёсны эрхтэйгээр Монгол Улсад анх удаа хэрэгжих гэж буй “Grow with Google Mongolia” тэтгэлэгт хөтөлбөр нь “Google Career Certificate”-ийн 1.2 сая төгрөгийн үнэ бүхий цахим сургалт, 40 цагийн танхимын сургалт, 30 цагийн ажлын байранд бэлдэх хөтөлбөрийг багтаажээ. Өөрөөр хэлбэр, оролцогч бүрд гурван сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа юм.
Хөтөлбөрт оролцогчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Google Career Certificate"-ийг эзэмшсэнээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх замаар үнэ цэнээ нэмэгдүүлэх, албан тушаал ахих, мэргэжлээ солих хүсэлтэй ажил эрхлэгч нарыг дэмжиж байгаагаараа давуу талтай. Харин дотоодын аж ахуйн нэгжүүд тус хөтөлбөрт хамтарч ажилласнаар зөв хандлагатай, англи хэлний зохих түвшний мэдлэгтэй, цахим ур чадвартай оролцогчдыг дадлагын үр дүнд суурилан сонгон шалгаруулж авах боломжийг олгожээ.
Одоогоор дэмжигч байгууллагуудаар МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, Голомт банк, Хаан банк, MCS Software Group, Мобиком корпораци, Юнител групп, АПУ, Премиум групп, CIO Club, ICT Group, Intelmind, Mezorn, Gund Investment, Digit, Fibo Cloud, Infinite Solutions зэрэг байгууллагууд ажиллаж байгаа аж. Ингээд хөтөлбөрт тэнцсэн эхний ээлжийн 350 суралцагчийн зарим төлөөллийн сэтгэгдлийг хүргэе.
Ирээдүйд кибер аюулгүй байдлын мэргэжилтэн болохыг хүсдэг
-Би 17 настай. "Google" компанийн албан ёсны эрхтэй, сертификаттай хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын бүртгэл эхэлсэн тухай зарлалыг анх фэйсбүүк сүлжээнээс хараад хүсэлтээ илгээсэн. Сонгон шалгаруулалтад тэнцээд энд зогсож байгаадаа сэтгэл хангалуун байна. Би ирээдүйд кибер аюулгүй байдлын мэргэжилтэн болохыг хүсдэг. Тиймээс ирээдүйн мэргэжилд шаардлагатай ур чадварыг энэ хөтөлбөрөөс эзэмших боломжтой гэж харсан.
Хөтөлбөрийн дадлага наймдугаар сард дуусна. Арванхоёрдугаар ангиа төгсөөд энэ чиглэлээр гүнзгийрүүлж сурахыг хүсэж байна. Мэдээллийн технологи ямарваа нэг боломжгүй зүйлийг боломжтой болгож чаддаг санагддаг. Бодит ертөнцөд хийж чадахгүй зүйлээ цахим ертөнцөд хийх боломжтой.
Цахим ур чадварт суралцсанаар хэдэн насандаа ч, хаанаас ч бизнесээ бусдад хүргэх боломжтой болно
-Намайг Д.Мөнхтүвшин гэдэг. Би ЦХХХЯ, Google компани хамтран хэрэгжүүлж буй “Grow with Google Mongolia” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, залуустай хамт суралцах болсондоо баяртай байна. Би хувь хүний хөгжлийн супер жамп сургалтыг Монголд дэлгэрүүлсэн хүн байгаа юм. Өнөөдөр цахим технологигүйгээр аливаа бизнес, компанийн үйл ажиллагаа урагшлахгүй. Тийм учраас цахим хөгжлийн арга техникийг суралцах болсондоо баяртай байна.
Хөтөлбөрийн ахмад наснуудын нэг нь би. Хүний насыг сурах хүсэл эрмэлзэл тодорхойлно. Би суралцах, суралцсанаа бусдад хуваалцах дуртай. Монголчууд 50 гараад тэтгэвэртээ гарч, гэртээ сууна гэж ярьдаг. Хүн бүр тасралтгүй суралцаж, бүтээгч байх ёстой. Харин цахим ур чадварт суралцсанаас хэдэн насандаа ч, хаанаас ч бизнесээ бусдад хүргэх боломжтой болно.
Дижитал маркетинг, e-commerce, youtube чиглэлээр ажиллана гэж боддог
-Намайг Г.Буяннэмэх гэдэг, 17 настай. 2500 гаруй хүн хүсэлтээ илгээсэн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн 350-ийн нэг болсондоо маш их баяртай байна. Би арванхоёрдугаар ангийн сурагч. Өөрийн сонирхдог чиглэлээрээ дадлагажих газар олох маш хэцүү. Харин “Grow with Google Mongolia” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар танхим, цахим хосолсон хөтөлбөрөөр хичээллэж, дараа нь ажилд зуучлагдах боломжтой юм.
Тиймээс надад маш гоё туршлага болно гэж бодож байна. Миний сонгосон чиглэл нь ecommerce. Ирээдүйд дижитал маркетинг, e-commerce, youtube чиглэлээр ажиллана гэж боддог. Өмнө нь иймэрхүү сурталтад хамрагдъя гэсэн ч сурагч болохгүй гэдэг байсан.
Хиймэл оюун ухаан соёлын салбарт нэвтрэхэд түүнийг ойлгодог хүний нөөц байх ёстой
-Намайг Д.Цэнгэл гэдэг. Би СУИС-ийн Соёлын үйлдвэрлэлийн тэнхимийн багш, доктор. 2019 онд "Google" компанийн оффист очиж танилцаж байсан. Тэр үед энэ бүх үйлчилгээ Монголын зах зээлд хэзээ нэвтрэх бол эх орондоо хэрэгжүүлэх юмсан гэж бодож байлаа. Харин өнөөдөр бодит байдалд биеллээ олж, 350 суралцагч цахим мэргэжлийн ур чадвар эзэмших болсонд баяртай байна.
Технологийн салбар эрчимтэй хөгжиж гадны хөрөнгө оруулалт болон анхаарлыг татах болсон. Хиймэл оюун ухаан ялангуяа кино урлагийн салбарт эрчимтэй орж ирж байгаа. Энэ салбар хөгжихөд манайд ойлгож ажиллах хүний нөөц байхгүй. Өнгөц харахад тусдаа салбар шиг боловч соёл болон технологийн салбар хоорондоо нягт уялдаа холбоотой. Миний хувьд орчуулга хийхэд энэ мэдлэг хэрэгтэй. Хоёрдугаарт, хиймэл оюун ухаан кино урлаг, соёлын салбарт нэвтрэхэд үүнийг ойлгодог, учрыг тайлбарладаг багш, хүний нөөц хэрэгтэй учраас нээлттэй сонгон шалгаруулалтад оролцсон. Тэнцсэндээ баяртай байна.