ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 11 болгож, буурууллаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2024-05-13

 

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцууллаа.

Төвбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: -Өнөөдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдлаа. Ингээд Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг нэг нэгжээр бууруулж, 11 болголоо. Энэхүү шийдвэрийг гаргахад эдийн засгийн гадаад дотоод орчны нөхцөл, ирээдүйг харгалзан үзсэн болно. Дэлхийн эдийн засаг энэ онд саарч, ирэх онд өсөлтийн төсөөлөлтэй байна. Үүнд нөлөөлсөн хэд хэдэн суурь хүчин зүйл бий. Тухайлбал, геополитикийн тогтворгүй байдал, дэлхийн томоохон банкнуудын хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлого сааралтад нөлөөлж байна. Манай улсын хувьд инфляц дөрөвдүгээр сард 6.4, Улаанбаатар хотод 6.1 хувьтай гарлаа.

Инфляцид үзүүлэх хүчин зүйлсийн нөлөө хүлээж байснаас бага байлаа. Инфляцийн төсөөлөл буурахад 2022 оноос хэрэгжүүлж байгаа мөнгөний хатуу бодлого нөлөөлсөн. Мөн импортын гол нэрийн барааны үнэ тогтворжиж байгаа нь нөлөөллөө. Энэ онд инфляц тогтвортой байх нь ээ. Гэхдээ цалин, тэтгэвэр, төсвийн өсөлтийг дагасан эрэлтийн нөлөө, төлбөрийн тэнцэлийн дарамт нэмэгдэх зэргээс инфляц өсөх эрсдэлтэй байгааг дурдах нь зүйтэй.

Гадаад эрэлт таатай, экспорт өндөр байгаа нь валютын цэвэр орох урсгалыг дэмжиж байна. Үүний үр дүнд гадаад валютын албан нөөц өсөж, төгрөгтэй харьцах ханш тогтвортой байгаа. Мөн хэрэглээний бүтээгдэхүүний импортын өсөлт өндөр хэвээр байна.

Цаашид дэлхийн зах зээл дээр эрдэст бүтээгдэхүүний үнэ, худалдааны түншлэл төлбөрийн тэнцэлд голлон нөлөө үзүүлнэ. Гэвч нөгөө талдаа хөдөө аж ахуйн салбар уналтын байдалтай байгаа. Иймд улирлын нөхцөл байдалтай ажилладаг аж ахуйн нэгжид эдийн засгийн дэмжлэг үзүүлэх шаардлага үүссэн. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэгж хувиар бууруулах шийдвэр гаргав. Энэхүү шийдвэр нь дунд хугацааны инфляцийг эдийн засгийн түвшинд бууруулах, эдийн засаг болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэнэ.