Увс аймгийн Өлгий суманд аавтайгаа хонио усалж явсан 13 настай охин руу чоно дайрчээ. Охин өөрийн овсгоо авхаалж самбаагаар араатантай тэмцэлдэж, амьд гарч чадсан байна.
Охиныг Н.Удвал гэдэг. Тэрбээр энэ тухайгаа “Тухайн үед аавтайгаа хонь усалж байсан юм. Мал гэнэт үргэхээр нь хойшоо хартал юу ч харагдаагүй. Гэтэл гэнэт чоно дайрсан. Урд хоёр хөлөө мөрөн дээр тавиад зүүн талын мөрнөөс хазах гэж оролдсон. Би баруун гараараа цохьтол гарыг минь хазчихсан. Би өөрийгөө хамгаалахын тулд дахин дахин цохиод, аавыгаа дуудсан. Харин аав чулуу, уурга шидэж хөөсөн” хэмээн ярьж байна.
Амь эрссэн нөхцөл байдлаас өөрийн авхаалж самбаагаар мултарч чадсан охинд сумын эрүүл мэндийн төвөөс анхан шатны тусламж үзүүлсэн бөгөөд аймгийн ЭМТ-ийн гэмтлийн тасгаас шаардлагатай вакцинжуулалтад хамруулжээ. Охин баруун гарандаа гурван оёдол тавиулжээ. Үүнээс гадна хүзүү биеийн бусад хэсэгт жижиг сорви үүссэн байдалтай байгаа аж.
Эх сурвалж: Увс телевиз