Монгол улсын Шадар сайд бөгөөд улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан аймаг, нийслэлийн онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ.
Цахим хурлын үеэр ирэх зургаа, долоодугаар сарын цаг агаарын төлөв байдлын талаар Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс танилцууллаа. Эдгээр саруудад нөөлөг салхи, гэнэтийн дуу цахилгаантай аадар бороо орох тохиолдол ихээхэн ажиглагдах тул ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа.
Шадар сайд С.Амарсайхан 2023-2024 оны өвөлжилт хаваржилтын байдал хүндэрч улсын хэмжээнд долоон сая гаруй мал зүй бусаар хорогдсон бөгөөд малын сэг зэм устгалын ажлыг яаралтай дуусгах үүрэг өглөө. Мөн Улсын онцгой комиссын даргын 2024 оны 01 албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах, үер усны аюулаас урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгосон юм.