ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СУРВАЛЖИЛГА: Сэргээн засах тусламжийн сайн туршлагаа солилцлоо

O.Admin
2024-05-31

Улсын хэмжээнд 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээг цогцоор нь үйлдвэрлэдэг ганцхан төв байдаг нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв.

Тус төв таван жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 31-ний өдөр албан ёсоор үүдээ нээж, анхны үйлчлүүлэгчээ хүлээн авч байсан бол эдүгээ 26 мянга гаруй хүүхдэд сэргээн засах үйлчилгээг цогцоор нь үзүүлсэн “их айл” болжээ.

Тэд ойн хүрээнд хэд хэдэн бүтээлч ажлын зохион байгуулж байгаа бөгөөд өчигдөр байгууллагынхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх сэргээн засах, боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд сайн туршлага нэвтрүүлэх, бусаддаа туршлагаа хуваалцах зорилгоор “Сайн туршлага 2024” арга хэмжээг зохион байгуулсан юм.

Уг үйл ажиллагаанд Ховд, Сүхбаатар, Дархан-Уул, Орхон аймгийн тусгай хэрэгцээт хүүхдэд боловсролын үйлчилгээ үзүүлж буй сургууль, цэцэрлэг, сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн салбарынхан, ГССҮТ, АШУҮИС, ЭХЭМҮТ, УГТЭ зэрэг байгууллагын төлөөлөл оролцон сайн туршлагаа бусаддаа хуваалцахын зэрэгцээ иргэдэд өөрсдийн үйлчилгээгээ танилцуулсан юм.  

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Г.Ууганцэцэг “Бид таван жилийн ойн хүрээнд олон бүтээлч ажлын төлөвлөн хэрэгжүүлж байна. Өнгөрөгч хоёрдугаар сард сэргээн засах цогц тусламж үйлчилгээний ач холбогдол, үр дүнгийн талаар Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсны зэрэгцээ паралимпын спортын нисдэг таваг, хонхот бөмбөг, жюүжицү, бочи зэрэг хэд хэдэн спортын төрлийн үйлчилгээндээ шинээр нэвтрүүлж  тусгай хэрэгцээт хүүхдийг хөгжүүлэн ажиллаж байна.

Өнөөдрийн “Сайн туршлага 2024” арга хэмжээ ч ойн хүрээнд төлөвлөсөн томоохон үйл ажиллагаануудын нэг юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг бусад байгууллагууддаа үйл ажиллагаагаа танилцуулья, олон жилийн туршлагатай байгууллагуудаасаа суралцъя, бага зардлаар илүү шинэлэг үйлчилгээг улсынхаа хэмжээнд түгээн дэлгэрүүлэх зорилго тавьж өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна” гэлээ.

Улсын хэмжээнд сэргээн засах тусламж үйлчилгээ явуулдаг байгууллагууд өөр өөрсдийн үйлчилгээ, хийж хэрэгжүүлж буй санал санаачилгаа зураг хуудсаар илэрхийлэн дэлгэн тавьсан байлаа. Тухайлбал, Орхон аймгаас ирсэн долдугаар цэцэрлэг усан сангийн үйлчилгээгээ онцлон танилцуулж байсан бол Улсын гуравдугаар төв эмнэлэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй орчинг бүрдүүлсэн сайн туршлагаа хуваалцаж байв.

УГТЭ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд саадгүй үйлчилгээ үзүүлэх зорилгоор мэдээллийн самбараа баррель үсгээр гаргахаас эхлээд тэргэнцэртэй иргэнд зориулсан ариун цэврийн өрөө, шат, зам зэргийг хийж, ээлтэй орчинг бүрдүүлж чадсанаа дурдлаа.

Харин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв улсын эмнэлгийн хэмжээнд зөвхөн тус төвд байдаг аппаратууд, хүүхдийн сонсгол, өгүүлэх эрхнийг хөгжүүлэх тоглоом, гарын булчин хөгжүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн материал, ядаргаа тайлахад хэрэглэдэг эмчилгээний арга техник, сэргээн засах үйлчилгээнд хэрэглэгдэх портез, ортопедийн үйлдвэртээ үйлдвэрлэсэн гутал, улавч, чиг гэх мэт бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан байлаа. Ерөөс тус төвөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хөгжлийн хоцрогдолтой, эрсдэлтэй хүүхдүүдэд нэг дороос сэргээн засах бүх үйлчилгээг үзүүлж байна.

Тухайлбал, сүүлийн үед хавтгай тавхайн эмгэг бага насны хүүхдүүдийн дунд илрэх нь ихэссэн. Үүнийг бизнес эрхлэгчид ч овжин ашиглаж нэг талаар бизнес болтлоо хөгжих болсон. Тэгвэл Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд хүүхдийн хөлийн эрүүл өсөлтийн үзлэг оношлогоог хийж байна.

Сэргээн засах эмч Н.Золзаяа “Манайх эхлээд хүүхдийг оношилно. Улны зургийг нь авч, эмч үзлэг хийснийхээ дараа хавтгай тавхайтай гэж оношлогдсон тохиолдолд манай төвийн үйлдвэрт яг тохирсон нумтай улавчаа захиалан хийлгэх боломжтой байдаг. Үүнээс гадна хавтгай тавхай засах дасгалууд бий. Хавтгай тавхайн эмгэг ерөнхийдөө 5-6 насанд үүсдэг. Түүнээс бага насанд дасгал хөдөлгөөнийг зөвлөдөг. Бизнесийн байгууллагууд бүтээгдэхүүнээ зарахын тулд бүх хүүхэд өмсөх ёстой мэт реклам хийдэг. Хүүхэд өөрөө идэвхтэй хөдөлж байж нумыг үүсгэх ёстой. Гэтэл өөрөө үүсгэх ёстой зүйлийг механикаар бий болгоод байвал гаж нөлөө бас гарна” хэмээн тайлбарлалаа.

Хөлийн улны зураг авах scan төхөөрөмж нь улсын байгууллагууд дундаа зөвхөн тус төвд л байдаг тул иргэд бага насны хүүхдийнхээ хөлөнд үнэ төлбөргүйгээр оношлогоо хийлгэх боломжтой юм. Хэрэв асуудалтай байвал төвийн дэргэдэх үйлдвэрт өөрт тохирсон улавчийг хийлгэн авах боломжтой. Энэ мэтээр сэргээн засахын бүхий л үйлчилгээг тус төв нэг дор цогц байдлаар үзүүлж байна.

ХБХСЗТ энэ жилээс явуулын клиник ажиллуулж эхэлжээ. Сэргээн засах үйлчилгээ авахыг хүссэн ч чадахгүй байгаа хүүхдүүдэд тэд хүрч ажиллах бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас унааны асуудлыг нь шийдэж дэмжлэг үзүүлсэн байна. Тус төв Амбулаторийн тусламж үйлчилгээ, Өдрийн эмчилгээ, Хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ, Урт хугацааны тусламж үйлчилгээ гэсэн дөрвөн чиглэлээр үйлчилнэ. Урт хугацааны тусламж үйлчилгээний хувьд эцэг эх асран хамгаалагчгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг урт хугацааны тасагтаа байрлуулж сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг байна.