ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зорчигч тээврийнхэн өвөлд бэлэн

O.Admin
2018-09-24

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас “Бид өвөлд бэлэн” өдөрлөгийг өнгөрсөн баасан гарагт “Хараацайн жигүүр” ХХК-ийн байранд зохион байгууллаа. Энэ үеэр манай сонины сурвалжлах баг хамт явж өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдсан эсэхийг сурвалжилсан юм.

Аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн эсэхийг энэхүү өдөрлөгөөс харж болно

Манай сурвалжлах баг 11.00 цаг өн­гө­рөөгөөд төв цэвэрлэх байгуу­ламжийн зүүн талд байрлах “Хараацайн жигүүр” ХХК-ийн  байранд очсон юм.

“Бид өвөлд бэлэн” өдөрлөг 12.00 цагаас албан ёсоор нээлтээ хийсэн юм. Өдөрлөгт ЗТХЯ-ны Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран, “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Т.Хүрэлхүү, холбогдох газрын дарга мэргэжилтэн болон Улс, хот хоорондын нийтийн тээврийн тээвэрлэгч 60 гаруй байгууллага оролцлоо. Энэхүү өдөрлөгийг нээж Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран үг хэлсэн юм.

Тэрбээр “Энэ жилийн “Өвөлд бид бэлэн” өдөрлөгөөр хот хоорондын тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд өвөлжилтийн бэлтгэл ажлээ хэрхэн хангасан талаар газар дээр нь ирж шалгаж байгаагаараа онцлогтой. Мөн нийтийн тээвэрт үйлчилж байгаа стандартыг бид хэрхэн хэрэгжүүлж байна гэдэг асуудлаа ярилцах, тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг харуулж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдээ дэлгэж шалгуулж байгаа юм.

Үүнээс гадна, тухайн аж ахуйн нэгж дотроо өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах асуудлаар ямар ажил зохион байгуулсан болон ямар үр дүнд хүрэв гэдгээ тайлан маягаар сонсож, ярилцах ажлыг нэмэлтээр зохион байгуулж байна. Дөрвөн зүг, найман зовхист тээвэрлэлт хийж буй эдгээр аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байгааг энэхүү өдөрлөгөөс харж болохоор байна” гэсэн юм. Үүний дараа уг өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүмүүс “Хараацайн жигүүр” ХХК-ийн авто аж ахуй болон хот хооронд зорчигч тээврүүд өвөлжилтийн бэлтгэл ажлаа хэрхэн хангасан байгаа байдалтай танилцсан юм.

Халуун цай, кофегоор үйлчилж байв

Өдөрлөгт оролцогч аж ахуйн нэгжийн төлөөллүүд “Нийтийн зорчигч тээврийн стандарт, гэрээнд заасан тодорхой заалтуудыг биелүүлж байгаа эсэхийг жил бүр өвөлд бэлэн эсэхийг шалгадаг. Тээврийн хэрэгсэл, техникийн бүрэн бүтэн байдал зэргийг хангуулахаас гадна осол саатал гарсан үед тухайн тээвэрлэлтийн явцад техникийн түргэн тусламжийг хэрхэн үзүүлэх, ямар тусламж үйлчилгээг цаг алдалгүйгээр хүргэх тал дээр бэлэн байдлыг хангуулахыг зорьдог.

Үүний жишээ болгож тээврийн хэрэгслийн бүрэн тоноглосон түргэн тусламжийг авчирсан” хэмээн танилцуулж байв. Энэ үеэр бусад хот хооронд зорчигч тээврээс ялгарч буй нэг автобус байв. Биднийг тэр автобус руу ороход халуун дулаан орчин, тав тухтай байдал угтсан бөгөөд хүмүүст халуун цай болон кофегоор үйлчилж байсан юм. Энэхүү автобус нь Хархорин-Улаанбаатар чиглэлд явдаг. Иргэдийнхээ болон өөрийнхөө тав тухыг бодоод автобусаа хэрхэн тохижуулсан талаар жолооч Ц.Мияасүрэн автобусыг нь сонирхсон хүн болгонд хариулж байв. Тэрбээр “Манай автобус урд, ард зам болон дотор талбайгаа бичдэг камертай.

Иргэдийн тав тухыг бодож халуун цай, кофегоор үйлчилж байна. Мөн өөрийнхөө тав тухтай байдлыг бодоод өөрийнхөө эргэн тойрныг тохижуулсан” хэмээн ярьсан юм. Улс, хот хоорондын 73 ААН-ын 970 гаруй тээврийн хэрэгслийн 1100 мэргэшсэн жолооч нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа юм байна. Зорчигч, үйлчлүүлэгч нарт тав тухтай аюулгүй тээврийн хэрэгсэл, дадлага туршлагатай жолооч нараар үйлчлэх, өөр өөрийн байгууллагад хэрэгжүүлж буй туршлагаа солилцон 2018-2019 оны өвлийн тээвэрлэлтэд бэлэн болсноо ийнхүү харууллаа.

Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг жолооч нарт байнга хүргэдэг

Улс, хот хооронд зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй нийслэл хотод байршилтай 23 аж ахуйн нэгж, байгууллагын 471 тээврийн хэрэгслийг шалгахад 90-ээс дээш хувьтай 12, 70-89 хувьтай дүгнэгдсэн 11 аж ахуйн нэгж, байгууллага байгааг энэ үеэр танилцуулсан юм. Ийнхүү хот хооронд зорчигч тээврүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж дууссан юм. Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдсан талаар АТҮТ-ийн тээвэр хариуцсан дэд захирал Ш.Батсайханаас тодрууллаа.

Тэрбээр “АТҮТ-өөс зохион байгуулж буй “Бид өвөлд бэлэн” өдөрлөгийн тов хоёр сарын өмнө зарлагддаг. Тиймээс аж ахуйн нэгжүүд өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүрэн хангасан байдаг. Аж ахуйн нэгжийн төлөөлөл болгож нэг байгууллагад авчирсан боловч бүх тээврийн хэрэгсэлд шаардлагатай дагалдах хэрэгслүүд бүгд байна гэсэн үг. Тиймээс автотээврийн үйлчилгээнд зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүрэн хангасан бөгөөд бид өвөлд бэлэн” гэв. Түүнчлэн, АТҮТ нь УЦУОШГ-тай хамтран ажилладаг бөгөөд цаг агаарын долоо хоногийн мэдээг урьдчилан авч жолооч нарт сэрэмжлүүлэг мэдээ байнга хүргэдэг байна.

Мөн албан ёсны баталгаатай, тээврийн хэрэгсэл, мэргэшсэн жолоочтойгоор үйл ажиллагаа явуулдаг эдгээр аж ахуйн нэгжүүд даатгалын компаниудтай хамтарч ажилладаг. Тиймээс аливаа осол, саатал гарсан тохиолдолд иргэд, зорчигчдод хүндрэл, чирэгдэл үүсгэхгүйгээр зохион байгуулалтын үйл ажиллагааг авч ажилладаг гэж байсан юм. Ийнхүү зорчигч тээврүүдийн үйл ажиллагаатай танилцаж дууссаны бөгөөд тээвэрчдийн дунд ур чадварын тэмцээн зохион байгуулж, шагнал гардуулснаар энэхүү өдөрлөг дууссан юм.