Цаг агаар хүйтэрч, улс орон даяар нойтон цас орсноос болж тариалангийн бүс нутгуудад их хэмжээний хохирол учирсан гэх мэдээлэл гарсан юм. Энэ талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.
-Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр нойтон цас орсны улмаас тариалангийн бүс нутгуудад их хэмжээний хохирол учирсан гэсэн. Энэ үнэн үү?
-Энэ сар гараад 3-4 удаа цаг агаарын тааламжгүй үзэгдлүүд тариалангийн бүс нутгуудад боллоо. Тухайлбал, энэ сарын 17-18-нд тариалангийн төвийн бүс нутгуудаар хур тунадас орсон. Зарим газраар нойтон цас орсон шүү дээ. Үүнээс болж ургац тариа будаанд налалт үүссэн. Хураахад тодорхой хэмжээний хүндрэл учруулахаар байдал үүсчээ. Өнөөдрийн байдлаар ургац хураалт хэвийн явж байна. Их хэмжээний хохирол учирсан асуудлын талаар одоо ярих боломжгүй. Мэдээж налсан тариаг хураахад аж ахуйн нэгжүүд компаниа нэмэлт тоног төхөөрөмжөөр буюу иш өрөгчөөр тоноглох ёстой. Тодорхой хэмжээний иш өрөгчийн нөөц байгааг аж ахуйн нэгжид олгоод явж байна. Шаардлагатай бол энэ тэндээс олж нийлүүлэх ажлыг зохион байгуулна.
-Энэ жил хэчнээн га-д ургац тариалсан бэ. Ургац хураалт хэдэн хувьтай байна вэ?
-2018 оны хаврын тариалалт нийт улсын хэмжээнд 490 гаруй мянган га талбайд тариалалт хийсэн. Цаг агаарын байдал тааламжтай байж соёололт хэвийн явсан. Нийт тариалалтын талбайн 70 гаруй хувь нь соёололт сайн дүнтэй гарсан. Дараагийн үе шат буюу бутлалтын үед зарим тариалангийн бүс нутгуудаар хур тунадас бага байсан. Мөн наймдугаар, есдүгээр сард тариалангийн төвийн бүс нутгуудаар нилээдгүй хур тунадастай байсан учир тарималын өсөлт, хөгжилт сайн байлаа. Өнгөрсөн сарын 25-нд ургацынхаа урьдчилсан балансыг тогтоолоо. Ургацын урьдчилсан балансаар буудай, төмсийг дотоодын хэрэгцээг хангахуйц хэрэгцээний ургац хурааж авна гэсэн тооцоо гарсан. Есөн сард орсон хур тунадасаас болж ургац хураалт 15-20 орчим хоногоор хойшилсон. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ургац хураалт жигдэрлээ. Тодруулбал, үр тарианы ургац хураалт 15, төмс 66, хүнсний ногоо 70 гаруй хувьтай хураалт явж байна.
-Жилд дунджаар хэдэн тонн ургац хурааж авдаг вэ. Өмнөх жилтэй харьцуулбал ямар байна вэ?
-Улсын хэмжээнд жилдээ 400 гаруй мянган тонн үр тариа үүнээс гурил үйлдвэрлэлд 320 орчим мянган тонн буудай нийлүүлчих юм бол ямар ч байсан дотоодынхоо хэрэгцээг хангах боломжтой. Өнгөрсөн жилийн тухайд тариалангийн бүс нутагт ган гачигтай байсны улмаас ургац тодорхой хэмжээгээр алдсан. Энэ жилийн тухайд урьдчилсан балансаар гайгүй гарч байгаа учраас хураалтын дүнг харах үлдэж байна.
-Өнөөдрөөс эргээд хүйтэрнэ гэсэн. Тэгэхээр тариаланчид юунд анхаарах ёстой вэ?
-Цаг агаарын үзэгдэл тариалангийн бүс нутгуудаар орж байгаа хур тунадастай холбоотойгоор ЦУОШХ-гээс өдөр болгон мэдээ ирүүлж байна. Үүнтэй холбоотойгоор ХХААХҮЯ-наас намрын ургац хураалтад баримтлах технологийг ургамал хамгаалал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтарч зөвлөмж боловсруулсан юм. Энэхүү зөвлөмжийг аж ахуйн нэгжүүдэд цаг тухайд нь буюу ургац хураалт эхлэхээс өмнө хүргүүлж ажилласан. Зөвлөмжийн дагуу аж ахуйн нэгжүүд өөр өөрсдийнхөө талбайд тохирсон, таарсан технологийг олон жилийн ургац тарьж хураасан туршлагад тулгуурлаж цаг агаарын нөхцлийг ашиглаад ургац хураахаар шамдан ажиллаж байна.