АТГ-аас сар бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурал өчигдөр боллоо. Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцов. Хэвлэлийн хурлаар хийж мэдээлийг тоймлон хүргэж байна.
ИНЕГ-ын тэтгэлгээр гадаадад гэрээгээр сурч байгаа оюутнуудын сургалтын төлбөрт 2013 онд 2.70 тэрбум, 2014 онд 2.74 тэрбум, 2015 онд 3.4 тэрбум, 2016 онд 838 сая төгрөг зарцуулсан бөгөөд дөрвөн жилийн хугацаанд нийт 9.8 тэрбум төгрөгийн зардал зарцуулжээ.
Тэтгэлгээр сурч байгаа оюутнуудаас С.Манлай, Ж.Өлзийхишиг, Д.Лхагважав, Л.Хонгорзул, Б.Номундалай, Б.Ундрал, Ч.Сэржмаа, Э.Энхмөнх, Л.Болд-Эрдэнэ нарын есөн хүн нисэхээс өөр мэргэжлээр буюу бизнесийн удирдлага, улс төр, гадаад харилцаа, нягтлан бодох бүртгэл зэрэг мэргэжлээр суралцаж байгаа нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-ыг зөрчжээ. Мөн 2017 онд тус газрын шийдвэрийн дагуу нийт 22 хүн 583.260 ам.долларын тэтгэлгээр гадаадад суралцсан. Дээрх оюутнуудаас 16 оюутны эцэг, эх нь Зам тээврийн яам, ИНЕГ, “МИАТ” ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН-т ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс, тэдгээрийн хамаарал бүхий этгээд байна. Тухайлбал, Зам тээврийн яамны дэд сайдаар ажиллаж байсан Х.Ержаны хүүхэд Б нь АНУ-ын Канзасын их сургуульд агаарын зайн инженер мэргэжлээр, ИНЕГ-ын Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны дарга Б.Цогоогийн хүүхэд Т нь ОХУ-ын Сибирийн нисэхийн академид агаарын хөлгийн техникийн ашиглалт мэргэжлээр, “УБТЗ” ХНН-т орлогч даргаар ажиллаж байсан Ч.Эрдэнэдалайгийн хүүхэд Б нь Австрали улсын Свинборны технологийн их сургуульд нисэхийн менежмент чиглэлээр тус тус суралцахаар сургалтын төлбөрөө төлүүлсэн байна.
ИНЕГ-ын тэтгэлгээр гадаад улсын их, дээд сургуулиудад оюутан суралцуулах, сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулж, олон нийтийг танилцах боломжоор хангах зөвлөмж тус газарт хэрэгжихгүй өмнөх оны шалгалтаар илэрсэн зөрчил давтагдан гарсаар байна.
Нэг төрлийн тендер 10 жил дараалан зарлагдаж уг ажлыг нэг компани жил дараалан гүйцэтгэсэн
ХХААХҮЯ-наас зарлагдаж буй микробиологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын тендер 10 жил дараалан зарлагдаж, түүнд “Шим” ХХК компани дагнан шалгарч 10 жил ажлыг гүйцэтгэсэн. Тендерээр гүйцэтгэж буй ажлуудын үр дүн ямар байгаа талаар дүгнэн хянаж үздэггүй байна. ХХААХҮЯ-ны албаны эх сурвалжийн тайлбарласнаар “Жил бүр үлийн цагаан оготнотой микробиологийн аргаар тэмцэх ажлын тендерийг гадаадын хуулийн этгээд оролцох эрхтэйгээр зарладаг боловч зөвхөн дээрх бактерийн бэлдмэл үйлдвэрлэдэг “Шим” ХХК тендер ирүүлдэг. 2018 оноос үлийн цагаан оготнотой микробиологийн аргаар тэмцэх ажлыг зогсоосон бөгөөд ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гадаадын аж ахуй нэгжүүдийн судалгааг хийж байна” гэсэн юм.
ТЖАТ-д томилогдохоор нэр дэвшсэн хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй байжээ
Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Д.Мөнхтүвшин, Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Г.Мөнхчулуун, Дундговь аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн А.Саруулжаргал, Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Х.Санигаж нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэхэд илт ашиг сонирхлын зөрчилтэй гэх нөхцөл байдал тогтоогдсон. Дээрх албан тушаалтнуудыг томилсон эсэхийг ХХААХҮЯ-ны албаны эх сурвалжаас тодруулахад, “Эдгээр хүмүүсийн нэг нь ч томилогдоогүй” гэв.
АТГ-т шалгагдаж буй дуулиант хэргүүдийн талаар
-Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нартай холбоотой буюу Оюутолгойн гэрээтэй холбоотой хэргийг шалгаж байна. Оюутолгойн хэрэг асуудалд нэлээн олон төрлийн шинжилгээ хийгдэнэ. Өнөөдрийн байдлаар шинжилгээний дүгнэлт ирээгүй. Шинжилгээний дүгнэлт ирсний дараа гэм буруутай эсэх асуудлыг прокурорт шилжүүлж, улмаар шүүх, прокурорын байгууллага эцэслэн шийдвэрлэнэ.
60 тэрбумын хэргийг сэргээжээ
-60 тэрбумын хэргийг прокуророос хаах шийдвэр гаргасан. Ажлын хэсэгт орсон ТЕГ-ын үндэслэл бүхий баримтыг сэргээн шалгах шаардлагатай гэсэн үндэслэлийн дагуу дээд шатны прокурорын байгууллагаас хэргийг сэргээсэн. Тагнуулын байгууллагаас голлон ажиллаж, цагдаа, АТГ-аас өөрсдийн чиг үүргийн дагуу мөн шалгаж байгаа.
1.3 сая ам.долларын гарал үүслийг нарийвчлан шалгана
Авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдийн хамаарал бүхий орон сууцнаас 1.3 сая ам.доллар бэлнээр хураасан. Тэр мөнгөний гарал үүсэл, юунд зарцуулагдах гэж байсныг нарийвчлан шалгаж байгаа. Мөн Авлигын хэрэг дээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагч н.Алтан-Очир гэдэг хүнийг яллагдагчаар татан, цагдан хорьж байгаа нь үнэн. Энэ хүнтэй дээр дурдсан 1.3 сая ам.долларын асуудал холбоогүй. Түүнчлэн яг энэ хэрэг дээр цагдаагийн өөр хэн нэгэн албан хаагчийг холбогдуулан шалгаж байгаа зүйлгүй.
28 дугаар сургуультай холбогдох авлига хээл хахуулийн хэргийг шалгана
Нийслэлийн 28 дугаар сургуулийн захирал нэг сая төгрөгийн авлига авч багш ажилд авсан байж болзошгүй хэргийг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн. Авлигын хэргийг шалгана. Сургуулийн хүүхдээс хууль бусаар мөнгө хураадаг асуудлыг холбогдох яам, болон боловсролын газарт хандив, төлбөр, мөнгө хураахгүй журмын боловсруулалт, зохицуулалтыг илүү нарийвчлалтай болгох тал дээр ажиллаж зөвлөмж хүргүүлсэн.