Монголын Эдийн засгийн форум өнөөдөр Төрийн ордонд эхэлж байна. 14 дэх удаагийн чуулган “Go Mongolia” уриан дор хоёр өдөр үргэлжилнэ.
Нээлтийн нэгдсэн хуралдаан “Бүсчилсэн хөгжил” сэдвээр болж байна. Салбар хуралдаан үдээс хойш “Ногоон эрчим хүч, эрчим хүчний шилжилт” сэдвийг онцолно. Энэ жилийн чуулганаар ногоон эрчим хүч, эрчим хүчний либералчлал, хот байгуулалт, архитектур, эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, бүсчлэл ба татвар, хөрөнгө оруулалтын бодлого, санхүү, хөрөнгийн зах зээл, цахим эдийн засаг, уул уурхай-хүнд үйлдвэрлэл, шинжлэх ухаан-технологи, хиймэл оюун ухаан сэдвээр салбар хуралдааныг нэгэн зэрэг зохион байгуулах юм.
2010 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эдийн засгийн чуулганд төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын эдийн засаг, бизнесийн салбарын 2000 шахам төлөөлөл оролцож байна. АХБ-ны тэргүүлэх эдийн засагч, олон улсын нэртэй зочид төлөөлөгч илтгэл тавих юм. Ази, Номхон далай хариуцсан гүйцэтгэх захирал Грегори Калиникос, Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ханнес Такач Үндэсний баялгийн сангийн олон улсын туршлагыг танилцуулна.