Хөдөлмөр эрхлэлтийн төвд энэ сарын 28-ны өдөр ажилгүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байрыг нээлттэй зарлаж байгаа юм байна. Энэ талаар нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзоригоос тодрууллаа.
-Ажилгүй болон хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байрыг нээлттэй зарлаж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ сарын 28-ны өдөр “Хөдөлмөрч залуучууд” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв буюу Дүнжингарав худалдааны төвийн нэгдсэн цэгт зохион байгуулна. Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Монголын тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоо” ТББ хамтраад зохин байгуулж байгаа. Энэхүү үйл ажиллагаанд 20 аж ахуйн нэгж, байгууллага оролцож байгаа бөгөөд 150 орчим ажлын байрны албан тушаалд 330 гаруй ажлын байрны зар ирсэн. Үүнээс 24 ажлын байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах боломжтой гэж мэдэгдсэн. Мөн залуучуудад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэлзүйн зөвлөгөө, карьерийн төлөвлөлт, мэргэжил сонголт, ажилд орох асуудал болон өөрийгөө хөгжүүлэх нээх гэсэн сэдвүүдээр зөвлөгөө мэдээлэл өгнө.
-24 ажлын байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах боломжтой гэсэн. Ямар ажлын байрууд байгаа вэ?
-Тухайлбал, “Хөгжил трейд” ХХК-д нэг, “Соёл филмс” гурав, “Хан богд” хоёр, “Алтан гадас” нэг, “Траст трейд” нэг гэх мэт ажлын байр бий. Тэгэхээр иргэд өөрсдөө ирээд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөр үйлчлүүлэх хэрэгтэй. Ямар нэг байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд орц, гарцын асуудал байхгүй нэг давхарт байрладаг. Тиймээс энэ сарын 28-нд болох өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна. Тухайн компаниуд зарласан ажлын байруудад ямар шаардлага тавихаа бидэнд мэдэгдээгүй. Гэхдээ бид бүхэн ийм ажлын байрууд байна гэхээсээ илүү ямар хүн авах боломжтой гэдгээ хүний нөөц, удирдлагуудтайгаа ярилцаж байгаад мэдэгдэхээр болсон.
-Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүн ямар ажил хийнэ гэсэн үг вэ?
-“Кашмер холдинг” ХХК-д гэхэд тэргэнцэртэй иргэд ажил хийж болно. Тухайлбал, оёдол, ноолуурын хоёр дахь дамжлага дээр байна гэх мэтчилэн хөдөлмөрийн чадвараа хэд хүртэл хувиар алдсан гэдгээс шалтгаалаад тухайн компанитай ярилцана. Тиймээс ямар техник, технологийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглах боломжтой болох талаар тухайн компани хоорондоо ярилцах юм. Тэгэхээр тухайн хүмүүстэй биечлэн уулзах шаардлагатай гэсэн үг.
-2300 орчим ажлын байр байгаа гэсэн. Хамгийн эрэлттэй нь ямар ажлын байр байна вэ?
-Аж ахуйн байгууллагаас харахад үйлдвэр үйлчилгээ болон нийтийн хоолны чиглэлээр ажлын байрны захиалга их байна. Тухайлбал, Таванбогдын KFC, Pizza hut болон сүлжээ дэлгүүрүүд худалдаа үйлчилгээний ажилчид, маркетинг, борлуулалтын ажилчид нэлээд шаардлагатай байна.
-Хэдэн насныхан идэвхтэй ажил хайж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар хөдөлмөр эрхлэлтийн төвд 2300 орчим ажлын байр нээлттэй байна. 28-32 насныхан идэвхтэй ажил хайдаг. Залуучууд аль болох онлайнаар эсвэл өөрөө өөртөө ажлын байр бий болгох зорилгоор гарааны бизнес гэдэг юм уу, эсвэл өөрсдөө бизнес эрхлэх сонирхолтой болсон учраас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг байна уу гэсэн байдлаар нэлээд ханддаг.
-Залуучууд ажлын байранд гараад хэр удаан ажилладаг вэ?
-Нэгдсэн судалгааг хөдөлмөр нийгэм хамгааллын дэргэдэх хөдөлмөрийн судалгааны хэсэгт жил болгоны эхэнд өнгөрсөн онуудыг танилцуулдаг байгаа. Залуучууд ажлын байранд гараад зургаагаас дээш сар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд гурван жил үргэлжлүүлэн ажилладаг. Харин гурваас бага сар ажилласан тохиолдолд ажил хайгч иргэд ажлаасаа гардаг.