ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүчтэй хар салхи Японы зүүн хойд бүс нутгийг дайрах төлөвтэй байна

O.Admin
2024-08-12

Халуун орны хар шуурга Тайфү 5 /Мария/ ойрын хэдэн цагт Японы зүүн хойд бүс нутгийг /Тохоку/ дайрах төлөвтэй байна. Үүний улмаас даваа гарагийн өглөөнөөс эхлэн Иватэ, Мияги, Аомори мужуудад ялангуяа Номхон далай дагасан бүс нутгуудаар ширүүн бороо орж болзошгүйг Цаг агаарын албанаас анхааруулж байна.

Даваа гарагийн шөнөөс өглөөний 6 цаг хүртэл Иватэ мужийн Күжи хотод 357.5 мм бороо орсон нь Цаг уурын байгууллагын статистик мэдээлэл авч эхэлснээс хойшхи рекорд үзүүлэлт юм. Ширүүн борооны улмаас Иватэ мужид хөрсний гулгалт үүсэх өндөр эрсдэлтэй байгаа тул “хөрс гулгалтын аюулаас сэрэмжил” гэсэн анхааруулга гарчээ. Тайфү салхи Мияги мужийн далай дээгүүр баруун тийш нүүж байснаа эх газрыг нэвт дайрч гарна гэж цаг уурын албанаас үзэж байна.

Японы хойд хэсгээр даваа гарагаас эхлэн аадар бороо орж, мягмар гарагт хүчтэй аянга цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Бороо мягмар гарагийн өглөө хүртэл 300 мм, дараагийн 24 цагт нэмж 150 мм орохоор байгаа нь 8 дугаар сарын турш ордог хур тунадастай дүйж байна.

Өнгөрсөн сард дээд амжилт тогтоосон хур тунадастай байсан Япон Тэнгисийн эрэг дагасан Тохоку бүс нутагт дахин удаан хугацаагаар ширүүн бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Хоккайдод мөн ширүүн бороо орж, Японы хойд нутгаар хүчтэй салхи шуургатай байна. Даваа гарагт Тохокуд цагт 90 километр, Хоккайдод цагт 65 километрт хүрсэн хүчтэй хар салхи болж, Тохокуд зарим үед цагт 126 км, Хоккайдод цагт 90 км хүрч болзошгүй.

Далайн давалгаа Тохоку бүсийн эрэг дагуу 7 м, Хоккайдогийн эрэг дагуу 6 м-т хүрэх магадлалтай. Цаг агаарын албанаас хөрсний гулгалт үүсэх, нам дор газар руу үер буух, гол мөрөн эргээсээ халих аюултай байгааг анхааруулж байна. Мөн иргэдийг хүчтэй салхи, хүчтэй давалгаа, аянга цахилгаан, хуй салхинаас сэрэмжтэй байхыг уриалжээ.

Цаг уурын албанаас иргэдэд хандан “Бат бөх байшин барилгад хоргодож, ширүүн борооны эсрэг аюулгүй байдлын зохих арга хэмжээг авах, шуурганы замд өртөх нутгуудад ч бороо, салхи гэнэт ширүүсэх магадлалтайг анхаарах, үер болж байх үед нүүн шилжих нь аюултай бөгөөд олон хүн ингэснээс болж нас бардгийг анхаарах, хадан цохио, хавцалаас хол байж, аюулгүй байдлаа хангах”-ийг зөвлөсөн байна.

Эх сурвалж: https://tokyo.embassy.mn/

http://nema.gov.mn/post/157851