БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойд бэлтгэх, зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга хурандаа Р.Энхболдтой ярилцлаа.
-Түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?
-Халхын голын байлдааны ялалт бол Монгол Улсын тусгаар тогтнолтой салшгүй холбоотой чухал үйл явдал. Тиймээс тус ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Батлан хамгаалах яам гардан зохион байгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. Энэ түүхт ойг бид бүхэн тэмдэглэн өнгөрүүлснээрээ өнгөрсөн түүхээ ирээдүй хойч болсон хүүхэд, залуучууддаа таниулах, мэдрүүлэх, мэдээлэл өгөх өндөр ач холбогдолтой юм.
-Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ямар ажлууд зохион байгуулагдаж байгаа вэ?
-Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан, XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд Засгийн газрын 2023 оны 487 дугаар тогтоолоор Халхын голын байлдааны ялалтын ойд бэлтгэх, зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Мөн Батлан хамгаалахын сайдын тушаалаар ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр батлагдаж, одоогоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бэлтгэлийг хангах ажил үргэлжилж байна.
Тус ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажил, арга хэмжээ “Монгол цэргийн өдөр” буюу энэ оны гуравдугаар сарын 18-наас эхлэн үргэлжилж байна. Харин энэ сарын 19-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд Чингис хаан музейд Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн үзэсгэлэн дэлгэгдсэн. Мөн өдрөөс эхлэн Халх голын бүс нутагт Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрүүлэн, Шинжлэх ухааны академийн Археологийн болон Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэнтэй хамтарсан хээрийн судалгааны баг археологийн судалгаа хийж эхлээд байна.
Түүнчлэн “Халх гол-85” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. Маргааш ЗХУ-ын баатар танкчдын хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ болон тус ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн тоглолт Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулагдана.
25-нд харин Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2024” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль, 26, 27-нд ЗХУ, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөний нээлт, Халхын голын байлдаанд оролцсон Зөвлөлтийн нисгэгчид, дайчдад хүндэтгэл үзүүлэх, цэцэг өргөх арга хэмжээ, Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан ёслолын жагсаал, буудлагын зэвсэглэлийн үзэсгэлэн, баярын хурал, хүндэтгэлийн концерт, ёслолын буудлагыг Дорнод аймгийн Чойбалсан хот, Халхгол суманд ард олонд нээлттэй байдлаар зохион байгуулна.
Харин есдүгээр сарын 13-ны 19.00 цагаас А.В.Александровын нэрэмжит, ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын тоглолт, 21 цагаас Үдшийн цэнгүүнийг жанжин Д.Сүхбаатарын талбайд үзэгч олондоо нээлттэйгээр зохион байгуулна. Мөн Халхын голын байлдаанд оролцсон ганцхан ахмад дайчин амьд сэрүүн байгаа нь өдгөө 103 насыг зооглож буй Ц.Чимэдцэрэн гуай юм. Дайны хүнд хэцүү жилүүдэд Баянтүмэний цэргийн эмнэлэгт сувилагч, индүүдэгч, тогоочоор ажиллаж байсан энэ буурайд хүндэтгэл үзүүлэх зэрэг ажлуудын бэлтгэл ажил хангагдаж байна.