Их, дээд сургуулиудын чанар ямар түвшинд байгаа талаар Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга Ж.Ариунболдоос тодрууллаа.
-Их, дээд сургуулиудын чанар сүүлийн 20 жилийн хугацаанд ямар түвшинд байна вэ?
-Монголын их, дээд сургуулиудын чанарын асуудлыг ярихаасаа өмнө хэдэн тоо баримт хэлсэн нь зөв байх. 1990-ээд оны үед Монголд 10 гаруй их, дээд сургууль байсан. 1999 оны сүүлээр буюу 2000 оны эхээр 200 гаруй сургууль байсан. Өнөөдрийн байдлаар албан ёсны бүртгэлтэй 96 их, дээд сургууль байгаа. Тоон өгөгдлийг аваад үзэх юм бол тоон талаасаа буурах хандлагатай байгаа юм. Боловсролд тоо гэхээсээ илүүтэй чанарын асуудал чухал. Монгол Улсад 1999 оноос эхлээд магадлан итгэмжлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн. Харин 2004 оноос хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй уялдуулаад цаашдын зорилго зорилтоо авч үзээд боловсролын чанарт гол анхаарлаа хандуулж байгаа. Цаашид их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэх талаар эрчимтэй ажиллана. Өмнө нь 2003 онд боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм батлагдсан. Үүнээс хойш дүрэм батлагдаагүй. Энэ үед боловсролын байгууллагад магадлан итгэмжлэл хийхдээ 10 жилийн хугацаатайгаар хийдэг байсан. Ийм урт хугацаагаар магадлан итгэмжлэл авсан сургуулиудын хувьд чанарын асуудал ярихад маш төвөгтэй байдаг байсан. Одоо Засгийн газар болон манай байгууллагын дүрмээр хөтөлбөрийн болон байгууллагын магадлан итгэмжлэх хугацааг таван жил болголоо. Мөн ахиц дэвшлийн тайланг хоёр жил тутам авна. Тэгэхээр цаашид боловсролын чанарын асуудал сайжирна гэсэн. Боловсролын чанар дээшлэхийн хэрээр эдийн засгийн тогтвортой байдал үүснэ гэж үзэж байгаа.
-Их, дээд сургуулиудын чанарыг сайжруулахын тулд тоог нь бууруулах уу?
-Их, дээд сургуулиудын тооноос чанарт шилжих процесс явж байгаа. Жил ирэх тусам их, дээд сургуулиудын тоо багасна. Багасах нь юутай холбоотой вэ гэхээр эхний ээлжид их, дээд сургуулиуд хоорондоо нэгдэж байгаа. Зарим их, дээд сургуулиуд элсэгчдийн тоо багасаад ирэхээр аргагүйн эрхэнд хаагдах нөхцөлүүд үүснэ. Өөрөөр хэлбэл, жам ёсны шалгарлаар их, дээд сургуулийн тоо буурна. Их дээд сургуулиудын тоог цөөлөх хэрэгтэй гэж хүмүүс их ярьдаг. Энэ нь нэг талаасаа зөв. Гэхдээ тоог цөөлөхийн тулд Үндсэн хуультай холбоотой өөрчлөлтүүд хийх болдог. Үндсэн хуулийн 16.7-д “Монгол Улсын иргэн хувийн их сургууль байгуулж болно” гэсэн байдаг.
-Сургалтын чанар хаашаа чиглэж байгаа вэ. Дотооддоо боловсон хүчин бэлтгэх талаар хэрхэн ажиллаж байна вэ?
-Чанарын асуудал ярихад хоёр гол зүйл дээр төвлөрнө. Нэгдүгээрт сургалтын хөтөлбөр, хоёрдугаарт сайн багш. Мөн сургалтын орчин ярина. Энэ гурван зүйл нийлж байж сургуулийн чанарын асуудал яригдана. Монгол Улсад давхардсан тоогоор 1700 гаруй сургалтын хөтөлбөр байлаа. Одоогоор манай байгууллагаар магадлан итгэмжлүүлсэн болон олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн 213 хөтөлбөр байдаг. 72 их, дээд сургууль болон давхардсан тоогоор 210-аад сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн. Энэ оны зургадугаар сарын 26-ны өдөр Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэхэд манай байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлага олон улсын түвшинд хүрсэн гэж хүлээн зөвшөөрөгдсөн.
-Сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлүүлэх нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Сайн сургалтын хөтөлбөрөөр оюутныг сургахаас илүү тухайн сургуулийг магадлан итгэмжлүүлснээр бодит үр дүн гарна гэж үзэж байгаа бол энэ нь төөрөгдөл гэж миний хувьд боддог. Хамгийн чухал нь сургалтын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэх хэрэгтэй. Нийт Монгол Улсын их, дээд сургуульд суралцах гэж байгаа оюутнууд ч гэсэн аль нэг их, дээд сургуулийн нэрэнд нь биш сургалтын хөтөлбөрт нь болж суралцах хэрэгтэй. Мөн багш нарыг нь судлах ёстой. Үүнээс гадна, тухайн их, дээд сургуулиудын магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнууд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн сайн төгсөгчид болно гэсэн үг. Эдгээр ойлголтуудыг нийтэд ойлгуулж, түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж байгаа.