Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалт орон даяар эхэлж байгаатай холбогдуулан ХСҮТ-өөс өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийлээ. 2023 онд УИХ-ын чуулганаар Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хүний папиллома вирусийн эсрэг вакциныг товлолт вакцин болгож өөрчилж, 11 настай хүүхдүүдэд хийхээр болсон билээ. 2012 оноос манайх энэ вакциныг оруулж ирээд 2020 оноос сайн дураар явж байсан ч 2023 оноос товлолт вакцин болгож өөрчилсөн аж.
Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр Хавдар судлалын үндэсний төвийн дарга, доктор Н.Эрдэнэхүү, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч нарын албаны хүмүүс оролцов.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр хэлэхдээ “Монгол Улс 1923 оноос “Цэцэг” өвчний вакцинаар хүн амаа дархлаажуулж эхэлсэн ба сүрьеэгийн вакциныг 1945 онд гэх мэтээр үе шаттай вакцинжуулалтыг нэвтрүүлсний үр дүнд хүн амын дунд зонхилон тохиолддог халдварт өвчний тархалтыг бууруулж, заримыг нь ялан дийлж чадсан. Манай улс Дархлаажуулалтын тухай хуулийг 2000 оноос эхэлж хэрэгжүүлсэн ба энэхүү хуулиараа 20 гаруй жилийн турш дархлаажуулалтын асуудлаа зохицуулж иржээ. 2023 оны аравдугаар сард тус хуульд өөрчлөлт оруулж, папиллома вирусын вакциныг товлолт болгон өөрчилсөн.
11 настай хүүхдүүдийг тус вакцины нэг тунгаар дархлаажуулах ба өнөөдрөөс эхлэн орон даяар эхлүүлж байна. Дэлхийн 150 гаруй улс орон энэхүү вакциныг товлолын дагуу хийж байгаа бөгөөд дархлаажуулалтыг хүн амд ойртуулахын тулд сургуульд суурилсан байдлаар зохион байгуулдаг. Манай улс ч мөн адил сургуульд суурилж, эцэг эх асран хамгаалагчдад мэдээлэл хүргүүлэн тэдний зөвшөөрлийн үндсэн дээр хийх юм. Жилд бид 160 гаруй иргэнээ хавдраар алдаж буй нь тун харамсалтай тоо. Дархлаажуулалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг нийт иргэдэд уриалж байна” гэв.
“Вакцинжуулалт нь олон сая хүний амийг авардаг бөгөөд өнгөрсөн хугацаанд вакциныг хийж эхэлснээс хойш 154 сая хүний амийг аварсан. Хүний папиллома вирус нь олон хавдар үүсгэдэг ч 83 хувь нь умайн хүзүүний хавдар үүсгэж байна. Тиймээс Монгол Улс 11 настай хүүхдүүдэд товлолтоор хийж буйг сайшаан дэмжиж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүний амь насанд ноцтой аюул учруулж буй папиллома вирусийн халдварыг зогсоохыг гишүүн улс орнуудадаа уриалж, 2030 он хүртэл 15 нас хүртэлх охидыг дархлаажуулалтад бүрэн хамруулах зорилт тавин ажиллаж байна.
Умайн хүзүүний хорт хавдар гэх ноцтой өвчнөөс сэргийлэхийн тулд охидын бэлгийн амьдрал эхлэхээс өмнө вакцинжуулж сэргийлэх нь маш өндөр үр дүнтэй юм. Бэлгийн замаар дамждаг учраас хүн бүхэн энэ өвчнөөс урьдчилан сэргийлж байхыг уриалъя. Умайн хүзүүний хорт хавдар нь хавдраас шалтгаалсан өвчлөлийн дөрөвдүгээрт байдаг. 650 мянган шинэ тохиолдлын 350 мянга орчим нь нас бардаг. Монгол Улсад 2024 оны байдлаар 425 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. 2023 онд 163 эндэгдэл бүртгэгдсэн. Монголчуудын дундах хавдрын өвчлөлийн эхний тавд энэ өвчлөл бүртгэгдэж байна” хэмээн ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, доктор Соккорро Эскаланте онцоллоо.
Хавдар судлалын үндэсний төвийн дарга Н.Эрдэнэхүү “Монгол Улс хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна. Урьдчилан сэргийлэх боломжтой умайн хүзүү, элэг, ходоод, уушгины хавдраар дэлхийд тэргүүлж буй нь харамсалтай. Энэхүү вакцин нь зургаан төрлийн хавдараас сэргийлэх боломжтой. Ганцхан хавдар гэхгүй бэлгийн замын халдвараас ч сэргийлнэ.
Жилдээ 400-500 орчим шинэ хавдар тогтоогдож, 160-200 нь нас барж байна. Нийтдээ 4700 гаруй эхчүүд энэ өвчнөөр өвдөж, хяналтад явж байна. Энэ өвчин цаашдаа байхгүй байх боломж нь энэхүү вакцин юм. 90 хувийн вакцинжуулалтыг хийлгэж чадвал энэ өвчнийг байхгүй болгож чадна. Мөн эрт оношилж, эмчилгээг эрт эхлүүлж чадсанаар эдгээж чадах юм. Умайн хүзүүний хавдар хамгийн эрт шатандаа илэрдэг хавдруудын нэг. 55.8 хувь нь эрт шатандаа илэрдэг. Ингэснээр 5-аас дээш жил насалж байгаа сайн үзүүлэлт бий. Тиймээс ирээдүй хойч үеэ энэ өвчнөөр алдахгүйн тулд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаарай” хэмээн уриаллаа.
Дархлаажуулалтыг хийж буй 150 улсын 70 гаруй нь сургуульд суурилсан байдлаар вакцинжуулалтыг явуулдаг ажээ. Индонез, Мьянмар зэрэг улс орнуудын ард хавдрын өвчлөлөөр жагсах бус цаашдаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд дархлаажуулалт, урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмолжуулснаар тоог багасгах боломж бидэнд байгааг албаны хүмүүс мөн онцлов.