ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Индра: “Yellow box”-ыг 200 саяар хийхгүй

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-10-03

Замын түгжрэлийг бууруулах зорилгоор дөрвөн уулзварт шар тэмдэглэгээ хийж, камержуулах бөгөөд нийт 200 сая төгрөг зарцуулна гэх мэдээлэл сайтуудаар гарах болсон. Энэ талаар Авто замын хөгжлийн газрын Орлогч дарга Б.Индрагаас тодрууллаа.

-Дөрвөн уулзварт “Yellow box” хийхийн тулд 200 сая төгрөг зарцуулна гэсэн. Энэ мэдээлэл үнэн үү?
-Тийм зүйл байхгүй. Худлаа мэдээлэл гарсан байна. Тийм их мөнгөөр хийнэ гэж байхгүй. 

-Тэгвэл хэдэн төгрөгөөр хийхээр төлөвлөсөн бэ?
-Төсөв тодорхой гараагүй. Гэхдээ 200 сая төгрөг зарцуулахгүй. 

-Уг тэмдэглэгээг хэзээ хийж эхлэх вэ?  
-Монгол Улсын Замын хөдөл­гөө­ний дүрмийн шинэ­чил­сэн найруулга энэ оны арван­нэг­дүгээр сарын 01-нээс хэрэг­жиж эхэлнэ. Үүнээс өмнө тэмдэглэгээнүүдээ хий­гээд явна. Шар термог нь Улаан­баатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т хийх албан бичиг өгсөн. Удахгүй энэхүү тэмдэглэгээг хийж эхэлнэ.

-Дөрвөн уулзварт хийнэ гэсэн. Хаана, хаана хийхээр төлөвлөсөн байгаа вэ?
-Эхний ээлжинд нийслэлийн дөрвөн том уулзварт хийх юм. Тухайлбал, Цэцэг төв, Цаг уур, Багшийн дээд, Байгалийн түүхийн музей гэсэн дөрвөн уулзварт хийнэ. Цаашлаад ачаалал ихтэй уулзваруудад нэмж хийхээр төлөвлөж байгаа.

-“Yellow box”-ыг юугаар хийх юм бэ. “Гэрэлт гудамж”-нд хийсэн замын тэмдэглэгээ шиг арилчихгүй биз дээ?
-Уг тэмдэглэгээг замын тэм­дэг­лэгээ хийдэг зориулал­тын бүтээгдэхүүнээр хийх тул арилах, алга болох асуудал үүсэхгүй. Замын цагаан тэм­дэглэгээ шиг термо пластикаар хийнэ. Цагаан тэмдэглэгээ шиг арилахгүй гэсэн үг.

-Энэхүү тэмдэглэгээг хийх нь ямар ач холбогдолтой юм бэ?
-“Yellow box” нь уулзвар руу автомашин нэвтрэх гэж байгаа жолооч нарын дүр­мийг бариулах зорилготой. Тодор­хой хэмжээний түгжрэлд нөлөө­лө­хөөр эхний ээлжид дөр­вөн уулзварт хийх гэж бай­гаа юм. Үүний үр дүнд замын хөдөл­гөө­ний дүрмийг биелүү­лэх, дүрэм зөрчсөн жолоо­чид торгууль оногдуулах, уулз­варт түрүүлж ороод түгж­рэл үүсгэдэг асуудал цэгц­лэг­дэнэ гэсэн үг. “Yellow box” нь хөгжилтэй орнуудад бай­даг. Манайд 550 мянган авто­­машин бий. Тиймээс хөдөл­­гөө­ний эрчим ихэссэн. Жо­лоо­­чийн хариуцлагагүй бай­дал, хөдөлгөөнд оролцуулах соёлыг нэмэгдүүлэх дэг жу­рамд оруулахын тулд хийж байгаа юм.

-Ямар зөрчил гаргасан үед торгох юм бэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Цаашдаа тухайн уулзва­руу­дыг камержуулж, анивчиж буй гэрлээр шар тэмдэглэгээг давсан жолооч нарт хариуцлага тооцно. Ингэснээр дүрэм зөрчсөн жолооч нарын дугаар, номер нь харагдаад автоматаар торгууль оногдож байхаар зохион байгуулалттай ажил хийж байна. Улаан гэрэл асаад тээврийн хэрэгсэл зогсох дохио өгсөн байхад шар тэмдэглэгээг давж зогсох юм уу, түрүүлж орох тохиолдолд “yellow box” хязгаарыг нь гаргаж өгнө гэсэн үг. Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгын 15.2 дах хэсэгт “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах болом­жийг хязгаарласан түгжрэл, саа­тал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамаа­ран) уулзвар руу орохыг хориг­лоно” гэж зааснаар уулз­ва­раар үүсэх түгжрэл саат­лыг багас­гахад чухал ач хол­бог­дол­той. Иймд дөрвөлжин шар тэм­дэг­лэ­гээ хийсэн уулзварт анхаа­руу­лах дохио анивчиж бай­гаа үед тухайн тэмдэглэгээ рүү нэвтрэхгүй, зогсохыг анхааруулах юм.