Арванхоёрдугаар сарын 29-ны өдөр орон нутгийн цагаар 09.07 цагт Тайландын Бангкок хотоос Өмнөд Солонгосын “Мүань” нисэх суудалд газардахаар зорчиж явсан “Чежү эйр” компанийн Бойнг загварын зорчигч тээврийн агаарын хөлөг шувуутай мөргөлдсөний улмаас газардах үедээ дугуй нь дэлгэгдэхгүй элгээрээ газардан, хурдаа хасаж чадахгүй явсаар бетон хана мөргөн сүйрч, онгоцонд зорчиж явсан 179 хүн амиа алдаж, хоёр хүн амьд үлдсэн харамсалтай осол гарсан билээ.
Тэгвэл АНУ-ын Засгийн газар болон нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компанийн мөрдөн байцаагчдын баг хэргийн мөрдөн байцаалтад оролцохоор ослын газарт ирсэн гэж Сөүлийн албаныхан мэдэгдэв.
Сөүл хотын Тээврийн яамны мэдээлснээр, АНУ-ын Холбооны нисэхийн удирдлагын нэг гишүүн, АНУ-ын Үндэсний Тээврийн Аюулгүй Байдлын Зөвлөлийн (NTSB) гурван мэргэжилтэн, Боинг компанийн дөрвөн төлөөлөгч Өмнөд Солонгосын Нисэх, төмөр замын ослыг мөрдөн шалгах зөвлөл (ARAIB)-ын ажилтнуудтай нэгдэж мөрдөн байцаалтад оролцох аж. АНУ-ын баг өнгөрсөн даваа гарагт Инчоны олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин Өмнөд Солонгост очиж, мөрдөн байцаалтад оролцохоор Сөүлээс баруун өмнө зүгт 290 км-ийн зайд орших Муан хотод шууд очжээ.
Олон улсын иргэний нисэхийн байгууллагын конвенцид зааснаар осол гарсан улс мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлэх үүрэгтэй. Улмаар, онгоцны оператор, үйлдвэрлэгч зэрэг осолд оролцогч талууд, хохирогчидтой улс орнууд оролцох эрхтэй байдаг аж. Ослын улмаас хоёр иргэн нь нас барсан Тайланд улс энэхүү мөрдөн байцаалтад оролцохгүй хэмээжээ.
АНУ болон "Боинг" компанийн төлөөлөгчид Өмнөд Солонгосын ARAIB-ийн 11 гишүүний хамт яг одоо ослын газар дээрх хэлтэрхий болон хог хаягдлыг үнэлж, ослын шалтгааныг тодруулах боломжтой эд ангиудыг хайж байна гэж холбогдох яамнаас мэдээллээ.
Ослын газарт шалгалт хийсний дараа мөрдөн байцаалт дуусаж, улмаар дараагийн шат болох шинжилгээд шилжих бөгөөд өөрөөр хэлбэл онгоцны хоёр хар хайрцгаас олж авсан нотлох баримт, өгөгдлийг судлах юм. Онгоцны хар хайрцгуудын нэг болох нислэгийн мэдээлэл бичдэг төхөөрөмж гадна талдаа гэмтэлтэй байгаа нь тогтоогджээ. Мөн дуу хураагуурт өгөгдөл хадгалах нэгжийг цахилгаан тэжээлд холбодог холбогч байхгүй байсан аж. "Холбогч байхгүй байсан ч өгөгдлийг гаргаж авах техникийн аргуудыг судалж байна" гэж тус улсын Тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын дарга Жу Жон Ван хэлсэн байна.
Хоёр дахь хар хайрцгийн бүхээгийн дуу хураагуурын эхнийхээс харьцангүй гэмтэл багатай аж. Мөрдөн байцаалтын баг эвдэрсэн хар хайрцгийг дотоодод засч, шинжлүүлэхээр үү, эсвэл төхөөрөмжийг АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөлд нэмэлт шинжилгээ хийлгэхээр илгээх үү гэдгийг удахгүй шийднэ гэдгийг “Ёнхап” агентлаг мэдээллээ.