Монгол Улсын нийт хүн ам
"Эрдэнэс Монгол" нэгдлийн 2024 онд хийгдсэн онцлох ажлуудыг тоймлон хүргэж байна:
O.Admin
2025-01-06
- Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2022, 2023 оны цэвэр ашгаас 3.4 сая иргэнд 1.2 их наяд төгрөг, 2012.04.11-ний өдрөөс хойш төрсөн 900 мянган иргэнд энгийн хувьцаа эзэмшүүлэв.
- Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гаргасан ЭТТ-Бондын 2024 онд төлөх 337.6 тэрбум төгрөг, АХБ-наас авсан 32.0 тэрбум төгрөг, Эрдэнэс бондын 80 тэрбум төгрөгийг тус тус төлж барагдуудан өрийн дарамтыг бууруулав.
- Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд 505.4 тэрбум төгрөг төвлөрүүлж, 10 мянган иргэний ипотекийн зээлийн эх үүсвэр баталгаажиж, иргэн бүр ”Чингис хаан” нэрийн данстай болов.
- Монгол Улсын Засгийн газар болон БНФУ-ын төрийн өмчит Орано Майнинг компанийн хамтран хэрэгжүүлэх уран олборлох төслийн 19 бүлэг 357 заалт бүхий Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хөрөнгө оруулагчтай эцэслэн тохирч, төрийн эзэмшлийн хувь хэмжээг 10%-ийн давуу эрхийн хувьцаа, АМНАТ-өөр орлуулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж, уг тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхийг хэлэлцүүлэв.
- 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдэл 15.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлого, 5.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, Монголбанканд 4.3 тэрбум ам.доллар төвлөрүүлж, улсын валютын нөөцийн 77%-ийг дангаараа бүрдүүлээд байна.
- Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд нүүрс, зэсийн баяжмал, жоншны баяжмал, төмрийн хүдрийн баяжмалыг биржээр арилжаалж байгаа бөгөөд 2024 оны 01 дугаар сарын 1-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар 3.0 мянган тонн зэсийн баяжмал, 4.5 мянган тонн жоншны баяжмал, 15.3 сая тонн нүүрс, 2.36 сая тонн төмрийн хүдрийн баяжмалыг нийт 1.74 тэрбум ам.доллараар арилжаалж, 186.2 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна.
- Асгат, Шивээ-Овоо, Тавантолгой, Оюут зэрэг ашигт малтмалын ордын нөөцийг олон улсын Жорк стандартад нийцүүлэх, нөөцийг шинэчлэн тогтоох, дахин тооцоолох ажлыг хийж гүйцэтгэв. Шинээр хүрэн нүүрсний 1 орд, жоншны 1 орд, алтны 2 шороон ордын нөөцийг улсын “Эрдэнэсийн сан”-д бүртгүүлэв.
- Эрдэнэс Монгол нэгдлийн стратеги төлөвлөгөөнд тусгасан үйлдвэрлэл, технологийн 6 паркийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, төслүүдийн бэлэн байдлыг хангуулах ажил эрчимтэй өрнөж эхлэв. Үүний үр дүнд, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэх “Зэс боловсруулах цогцолбор”-ын дэд бүтэц 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй, “Кокс химийн цогцолбор”-ын хүрээнд Тавантолгойд 10 сая.тн нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад оров.
- Монгол Улсын анхны эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн насжилт 30 гаруй жил болж, стратегийн Эрдэнэтийн овоо ордын үйл ажиллагаа тасалдах нөхцөл байдал үүссэн байсныг 2024 онд бүрэн автомат 17 мянган тонн эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэрээр шинэчлэн хэвийн үйл ажиллагааг хангав.
- Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг АМНАТ-өөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг хувилбараар орлуулах тохиолдолд орлогыг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх эрх зүйн зохицуулалтыг тодруулан тусгасан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна.