Гашуунсухайт Ганцмод боомтын төмөр замын хил холболтын хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын зүгээс гарын үсэг зурж баталгаажуулсны дараа УИХ-аар хэлэлцэж, хуулийн дагуу соёрхон батлах ёстой аж.
УИХ-аас Гашуунсухайт Ганцмодны боомтын төмөр замын хил холболтын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон. Хоёр талаас гарын үсэг зурахад бэлэн болсон гэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Н.Туваан энэ талаар хэлэхдээ "УИХ-аар хэлэлцэх үеэр байнгын хорооны хуралдаан дээр Д.Энхтүвшин нарын зарим гишүүн асуулт асууж, санал хэлсэн. Хэлэлцээрийг мэдээж үр дүнтэй, ач холбогдолтой байх талаас нь УИХ-ын гишүүд санал хэлсэн учраас Засгийн газраас хүлээж авч, зарим засварыг хийсэн.
Засгийн газар хоорондын хэлэлцээр зурагдсаны дараа УИХ-аар хэлэлцэж, соёрхон батлах ёстой. УИХ-аар баталсны дараа энэ оны дөрөвдүгээр сараас бүтээн байгуулалтын ажлыг эхлэхээр төлөвлөсөн. Төслийн нийт өртөг 976 тэрбум төгрөг гэж тооцсон. Бид бууруулах тал дээр ажиллаж байна" гэлээ.