Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас “Хүүхдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих журмын хэрэгжилт: асуудал, шийдэл” хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.02.06/ зохион байгууллаа.
Хүүхдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/49 дүгээр тушаалаар баталсан бөгөөд нийгэм, цаг үеийн өөрчлөлт бүхий нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэн боловсруулж, мөрдүүлэх шаардлага тулгарч буй юм.
Иймд, тус хэлэлцүүлгээр хил хамгаалах, цагдаагийн байгууллагаас дээрх журмыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонсож, Анбаунд Монгол ТББ-аас хэрэгжүүлж буй Хил дээрх дамжин өнгөрүүлэх ажиглалтын судалгааны үр дүнтэй танилцлаа.
Хэлэлцүүлэгт оролцогчдоос журмыг шинэчлэн боловсруулахдаа цагдаагийн байгууллагаас олгож буй зөвшөөрлийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад чирэгдэл багатай байхаар шийдвэрлэж цахим хэлбэрт шилжүүлэх, 16-аас дээш настай хүүхдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх асуудлыг тусгайлан зохицуулах нэн шаардлагатай байгаа зэрэг санал гаргалаа.
Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Соёл, урлагийн газар, Монголын Нотариатчдын танхим, “Дэлхийн зөн Монгол” ОУБ, “Анбаунд Монгол” ОУБ-ын төлөөлөл оролцлоо.