Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өөрсдөө сурах бичиг худалдаж авах ёстой гэдэг боловч Боловсролын тухай хуульд “Суурь боловсролыг үнэ төлбөргүй олгоно” гэсэн байдаг. Тиймээс энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өөрсдөө сурах бичиг авах ёстой юм уу. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Одоо мөрдөгдөж байгаа дүрэм журмаар бага ангийн сурагчдыг төрөөс өмчийн хэлбэр харгалзахгүй 100 хувь хангаж байгаа. Тухайн сургуулиуд хавар буюу хичээлийн жилийн гурав, дөрөвдүгээр улиралд багтаагаад аймаг, нийслэлийнхээ Боловсролын газар боловсролын хэлтсээр дамжуулаад БСШУСЯ-нд захиалга ирүүлдэг. Захиалгын дагуу нөхөн хангалтыг хийж, сурах бичгийг хичээлийн жил эхлэхээс өмнө бага ангийн түвшинд нийлүүлж байгаа. Харин дунд, ахлах ангийн хувьд 40 хувийг нь төрөөс үнэ төлбөргүй хангах бөгөөд 60 хувийг тухайн суралцагч өөрөө дэлгүүрээс худалдан авах зохицуулалттай. Энэхүү 40 хувьд нь зорилтот бүлгийн буюу бүтэн өнчин, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой хүүхдүүд хамрагдах юм.
-Боловсролын тухай хуульд “Суурь боловсролыг үнэ төлбөргүй олгоно” гэсэн байдаг. Гэтэл яагаад сурагчдыг өөрсдөө сурах бичиг худалдаж ав гээд байгаа юм бэ?
-Энэ нь эдийн засагтай холбоотой асуудал. 100 хувь хангаад эхлэхээр хэдэн тэрбум төгрөгийн дарамт төрд ирэх вэ гэдгийг харах ёстой. Цаашдаа бага, дунд ангийн сурах бичгийг 100 хувь хангах талаар бодлого боловсруулж байгаа.
-Жил болгон сурагчдад сурах бичиг хүрэлцэхгүй байна гэх асуудал үүсдэг. Энэ жилийн хувьд сурах бичгийн хангалт ямар байх вэ?
-Зах зээлийн эрэлт хэрэгцээ, хүүхдийн өсөлт гэх мэтчилэн бүх тооцоо судалгааг хийгээд нийлүүлсэн. Гэтэл зарим орон нутаг тоогоо буруу өгсөн, хугацаандаа өгөөгүй, төлөвлөснөөсөө илүү хүүхэд авсан гэх мэт олон талын бэрхшээлүүд байдаг. Яагаад гэхээр сурах бичиг үндсэн хөрөнгөд бүртгэгддэг. Тэгэхээр хэн дуртай нь сургуулийн үндсэн хөрөнгөнд байгаа зүйлийг шилжүүлээд байх боломжгүй байдаг.
-Энэ жил сурах бичиг шинэчлэгдэж байгаа юу?
-2013 оноос эхэлж шинэ сургалтын хөтөлбөрөөр хичээллэж эхэлсэн. Хөтөлбөр шинэчлэгдэж байгаа учир сурах бичиг шинэчлэгдэх хэрэгцээ шаардлага үүснэ. Хөтөлбөр, сурах бичиг хоёр нийцэх ёстой. Тийм учраас сурах бичиг шинэчлэгдэх хэрэгцээ шаардлага 2013 оноос үүссэн. Тиймээс бага боловсролоос эхлээд суурь, ахлах гээд үе шаттай шинэчлэлүүд хийж байгаа. Энэ жил 24 нэр төрлийн сурах бичиг шинээр гарч байгаа. 12 жилийн хөтөлбөрөөр хичээллэснээс хойш иж бүрэн хөтөлбөртэй, сурах бичигтэй хичээллэх боломж энэ жил бүрдэж байгаа юм. Цаашид шинэ хөтөлбөр гарч ирээгүй тохиолдолд сайжруулах, шинэчлэх асуудал яригдахаас биш дахиж сурах бичиг шинээр зохиохгүй гэж ойлгож болно.
-Худалдаанд байгаа сурах бичгийн үнэ нэмэгдэлтэй байдаг. Яагаад хэвлэлтээс гарсан анхны үнээр нь борлуулдаггүй юм бол?
-Үйлдвэрийн үнээр номын дэлгүүрүүд борлуулж байгаа. Дагалдах хэрэглэгдэхүүнүүд нь 1300, сурах бичиг нь 2300-5000 төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Нэг хэсэг нь хуучин сурах бичиг худалдаж авдаг. Нөгөө хэсэг нь сурах бичгээ худалдаж аваагүй хүлээлт үүсч байгаа нөхцөл байдалтай уялдуулаад номын худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, зарим павьлонууд болон хувь хүмүүс эрх бүхий компанийн номын дэлгүүрт зарж байгаа сурах бичгийг урьдчилж худалдаж авч зохиомол хомсдол үүсгэдэг. БСШУСЯ болон холбогдох газрууд ажлын хэсэг байгуулж, шалгалт явуулсан. Гэвч зохиомол хомсдол бий болосоор байна. ЕБС-уудаар явж борлуулах аргыг туршиж үзсэн. Гэх мэтчилэн олон талаас нь үзэж байгаа боловч энэ нь давагдашгүй хүчин зүйл болж байна. Тиймээс дүүргүүд сурах бичгийн үйл ажиллагаанд санаачилга гаргаж орж ирэхгүй бол БСШУСЯ бүх бодлогоо барьж байгаа болон бодлогоор хомсдол үүсгээд байгаа юм шиг асуудал гардаг. Тэгэхээр аймгийн болон дүүргийн Засаг дарга нар бодлогоор дэмжих хэрэгтэй.
-Хуучин БСШУСЯ хэвлэх үйлдвэртэй байна гэсэн. Үүнийг сэргээх боломж байхгүй юу?
-Энэ асуудал бас л эдийн засагтай холбоотой. Төсөв хөрөнгөтэй холбоотой асуудал яригдана. Гэхдээ манайх шиг хэрэглэгч багатай улсад байж болох хувилбар гэж үзэж байгаа. Ямар чиглэлээр, яаж хэрэгжүүлвэл болох талаар судалгаа, тооцоо хийж байна. Үүнээс гадна, сурах бичгийн түрээсийн үйлчилгээ буюу түрээсийн эргэлтийн сан бий болгох хувилбар байж болно. 2019 оноос энэ мэт ажлуудыг хийж эхлэхгүй бол болохгүй гэдэгтэй санал нийлж байгаа.