Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрбээр, Зөвшөөрлийн тухай хууль болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн асуудлаар мэдээлэл өгсөн юм.
Н.Учрал сайд хэлэхдээ “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Зөвшөөрлийн хууль батлагдсантай холбогдуулан өмнө гарсан журмуудыг цуцалж байгаа. Энэ хүрээнд Засгийн газрын тогтоолоор аж ахуйн нэгж, байгууллагуудад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам гэж 2006 оны байгаль орчны салбарын журмыг Засгийн газрын тогтоолоор цуцлах шийдвэр гарлаа.
Зөвшөөрлийн тухай хуультай холбоотойгоор нийтдээ долоон яамны 36 журмыг цуцалсан. Үлдсэн яамд, төрийн захиргааны байгууллагуудад хуулиас давсан журмаа цуцлах шаардлага хүргүүллээ. Зөвшөөрлийн зөвлөлөөс хариу арга хэмжээ авахгүй байгаа яамдууд дээр мэргэжлийн шинжээч томилох шийдвэр гарлаа. Мөн гэрчилгээ гэх нэртэй зөвшөөрлийн шинж чанар агуулсан гэрчилгээг цуцалсан. Хур системээс буюу E-Mongolia дээр байгаа 801 мэдээллийг иргэдээс дахин шаардахгүй. Хаврын чуулганд Улсын тэмдэгтийн хураамжаас гадна гэрчилгээний зардал гэж авч байсныг цуцаллаа. Зөвшөөрлийн зөвлөл долоо хоног бүр хуралдаж, төрийн хүнд суртлыг арилгах чиглэлд ажиллана. Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн өргөн барина. Зөвшөөрлийн шинжтэй агуулгуудыг хуульчилсныг өөрчилнө” гэлээ.
Мөн Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ярьсан бөгөөд стратегийн орд, түүнийг эзэмшиж байгаа компаниудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ажлын хэсгийг шинэчилж байгуулжээ. Стратегийн нөөц тогтоосон 50 гаруй орд, бүртгэгдсэн буюу компани хийгээд төрийн мэдэлд байгаа 16 орд газрын асуудлыг нарийвчилж, иргэдийн хуримтлалын дансны орлогыг нэмэгдүүлэх ажлыг шат дараатай хийхээр энэ өдрийн хуралдаанаар ярьжээ. Ажлын хэсэг хэлэлцээрийн ширээний ард сууж, санхүүгийн моделийг компаниудтай ярилцах юм байна.
Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд хэрхэн ногдол ашиг хуваарилах тухай Засгийн газрын хурал дээр ярьсан аж. “Хувьцаа эзэмшигчдэд улирал тутам ногдол ашиг хуваарилах нь инфляцад нөлөөлөхгүй байхаар тооцсон. Тэгэхээр компанийн хуулийн дагуу ТУЗ ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргана. ТУЗ хуралдаад цагаан сарын өмнө хувааж олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Харин иргэдэд энэ мөнгөө бэлнээр авах уу эсвэл хуримтлалын дансандаа хадгалах уу гэдэг сонголт өгнө” хэмээн Н.Учрал сайд мэдэгдлээ.