Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Засгийн газрын хуралдаанаар“Монголросцветмет” ТӨҮГ-ын нэр болон үйл ажиллагааны чиглэлийг өөрчиллөө. Критикал минерал буюу чухал ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах болгон өөрчилж, нэрийг нь "Эрдэнэс критикал минерал" болгох шийдвэрийг гаргалаа.
Уул уурхайн тэргүүлэх чиглэлийн байгууллагуудтай яамны түвшинд уулзалт хийхэд нийт сэдвийн 60 гаруй хувь нь критикал минерал гэдэг асуудлаар яригддаг болсон. Тиймээс хөгжлийн чиг хандлагатай алхаа нийлүүлэх үүднээс энэ шийдвэрийг гаргалаа. Манай яам энэ чиглэлийн хэлтэстэй, миний бие ч зөвлөх авч ажиллуулж байгаа. Критикал менералын асуудлыг ойрын үед Засгийн газрын хуралдаанд оруулна. Орчин үеийн геополитикийн болон эрчим хүчний шилжилтийн үед энэ асуудал маш чухлаар тавигдах болсон. Эрчим хүч, ногоон шилжилт, дижитал тоног төхөөрөмжийн хурдыг гүйцэх маш чухал ашигт малтмалын олборлолт, борлуулалт, газрын ховор элементийн асуудал маш чухал юм" гэлээ.
Мөн Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулалтын PDAC-ын чуулга уулзалтаас өмнө Манай Улс хайгуулаа нээх буюу хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг нээх аж. 2024 оны дөрөвдүгээр сараас хойш манай улс хайгуулын тусгай зөвшөөрлөө зогсоосон бөгөөд энэ нь уул уурхай чуулга уулзалт, яриа хэлэлцүүлгийн үеэр хөрөнгө оруулагчдын хөндөж тавьдаг сэдвийн нэг болсон аж.
Монгол Улс өнөөдрийн байдлаар 2700 гаруй ашиглалт, хайгуулын лиценз хүчинтэй байгаагаас 900 гаруй нь хайгуулынх байдаг ажээ. Гэтэл олон улсад хайгуулын лиценз нь ашиглалтаасаа 5-6 дахин их байж, илэрсэн талбайд орд үүсгэх харьцаатай байдаг гэлээ.
Гэсэн ч манайд урвуу хамааралтай буюу улс төрийн шалтгаантай байсныг өөрчилж, сонгон шалгаруулалтын журмыг баталж, нийтээр дагаж мөрдөх журманд бүртгүүлснээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг эхлүүлнэ гэдгийг Ц.Туваан сайд онцоллоо.
Засгийн газрын хуралдаанаар яригдсан гуравдугаар асуудал нь алтны худалдан авалтыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх асуудал байсан бөгөөд Ерөнхий сайдын зүгээс тодорхой үүрэг даалгавар өгчээ. "2024 оны улсын төсөвт бид 20 тонн алт олборлож, орлогыг тушаах зорилт тавьсан ч 16.5 тонн буюу 3.5-аар бага олборлосон. Сүүлийн сард дэлхийн зах зээлд алтны ханш түүхэн дээд хэмжээнд хүрч байна. 2900 ам.долларыг нэг унц алт давж байна.
Нэг грамм алт ойролцоогоор 330 гаруй мянган төгрөгтэй тэнцэж байна гэсэн үг. Нэг кг алт 90 гаруй сая ам.доллартай тэнцэх үнэд хүрлээ. Тиймээс валютын нөөцийг нэмэгдүүлэх, Төв банкинд алтны нөөцтэй байх, нүүрсний үнийн уналттай холбоотой төсвийн орлого буурч байгаа зэргээс шалтгаалан алтны экспортыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, нэмж судалгаа хийгээд эргэж Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Их хурлаар оруулах асуудал ч гарч мэднэ" гэлээ.