Зам тээврийн сайд, Үндэсний аюулгүй байдлын Ерөнхий нарийн бичгийн дарга асан А.Гансүх Тавантолгойг 100 жилээр хятадуудад өгөх гэж байсан гэрээний асуудлаар ойрын үед өөрийн нүүр номын хуудсаар дамжуулан идэвхтэй байр сууриа илэрхийлж буй. Тухайлбал, "Олон хүмүүс, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд, "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Я.Батсуурь нар "Тавантолгойн ордыг 100 жилээр өгөх гэж байсан" гэдэг.
Энэ хүмүүс хамгийн бага тоог хэлдэг. Үнэндээ бол хэзээ ч буцааж авах боломжгүй хязгааргүй хугацаагаар өгөх гэрээ байсан шүү дээ. Яагаад гэдгийг тайлбарлая. "Шинхуа" нь хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл хугацаагаар Тавантолгойн ордыг ашиглах заалт бүхий гэрээ байсан юм. "Шинхуа" оруулалтаа нөхөх боломжгүй алдагдалтай тайлан тэнцэл гаргаад байхад л гэрээ хязгааргүй хугацаагаар үргэлжилнэ.
Учир нь хэзээ, хэдэн тонн нүүрс олборлох, ямар зардал гаргах, түүнийгээ хэрхэн тооцох, хэдээр борлуулах, хөрөнгө оруулалт гэж хэдэн доллар хэзээ хийх гэх мэтийг "Шинхуа" өөрийн үзэмжээр шийднэ гэдэг гэрээний заалттай байв. Хамгийн новшийн заалт нь хөрс хуулалтыг хөрөнгө оруулалтад тооцно гэсэн байв. Тэгэхээр "Шинхуа" зардлаа өөрийн дураар тооцоод, хөрөнгө оруулалтаа нөхөөгүй, алдагдалтай гэдэг тайлан тэнцэл гаргаад байхад л Тавантолгойн гэрээ хязгааргүй үргэлжлэх байв" хэмээжээ.