ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Жавхлан: Төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсээгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
1 өдрийн өмнө

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд төсвийн гүйцэтгэлийн эхний хоёр сарын товч мэдээллийг өгчээ. 2025 оны хоёрдугаар сарын байдлаар Монгол Улсын төсвийн орлого, зарлага хэвийн түвшинд гүйцэтгэлээ бариад явж байна. Хоёр сарын сүүлийн өдрийн байдлаар хоёрдугаар сарын төсвийн орлого 4.2 их наядаар буюу 95 хувийн гүйцэтгэлтэй байна.

Бүх төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт, урсгал зардлууд санхүүжилтээ хэвийн аваад явж байгаа гэсэн үг. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад бага хэмжээгээр буурсан. 2023 онд төсвийн орлого нэлээдгүй өндөр буюу ашигтай гарч байсан. 2024 оны нэгдүгээр сард өмнөх оноос давж орж ирсэн орлого бичигдэж байсан учраас өндөр гарсан хэрэг. Энэ жилийн тухайд орлогоо бид нэлээдгүй шахлаа. Ингэснээр төлөвлөгөөний дагуу явж байгаа.

Нүүрсний үнэ нэлээдгүй унаж буй нь таатай зүйл биш. Эхний хоёр сарын гүйцэтгэлээс харахад төсөвт томоохон цочрол үүсэх хэмжээнд биш байгаа учраас төсөвт тодотгол хийхгүй ээ. Төсөвт тодотгол хийх таван нөхцлийн нэг нь орлого байдаг. Төсвийн алдагдал ДНБ-ий 3 хувиас давсан тохиолдолд тодотгол хийх ёстой гэдэг ч тийм их хэмжээний алдагдал үүсээгүй. Орлогоо нэмэх, экспортыг нэмэгдүүлэх, Төв банкны валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийг байгууллаа. Миний бие ахалж ажиллах юм.

Эхний хоёр сарын байдлаар гол түүхий эдүүдийн экспортын биет хэмжээ хэвийн явж байгааг онцолъё. Гаалиас авсан өчигдрийн мэдээгээр 11.5 сая тонн нүүрс хилээр гарсан. 281 мянган тонн зэс гаргалаа. Алтны үнийг бид 1850 ам.доллароор төсөөлж байсан ч 2900 ам.доллар хүрч нэн тааламжтай байна. 1.8 тонн буюу зургаа дахин их алт экспортоллоо.

Алт дээр гэхэд маш их боломж байгаа. 20 тэрбумыг экспортлоход л үүнээс бид 700 гаруй сая долларын нөөц бүрдүүлэх боломж байна” гэлээ. Мөн олон улсын худалдааны тарифууд өдөр өдрөөр өөрчлөгдөж байгаатай холбогдуулан дотоодын эдийн засагт нөлөөлж болзошгүй гэж үзээд хариу арга хэмжээ авах шаардлага үүсчээ.

Тухайлбал, Төсвийн ерөнхийлөгч захирагч нар, орон нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга нар үнэ тариф нэмэгдүүлсэн шийдвэр гаргахгүй байхыг анхааруулсан Засгийн газрын тогтоол гарчээ. Зайлшгүй нөхцөл байдал үүсвэл Засгийн газарт танилцуулахаар шийдвэрлэжээ. Энэ нь Евроазийн тарифын хэлэлцээр үргэлжилж буй цаг үед авч буй арга хэмжээ гэдгийг Сангийн сайд тодотгов. Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн нь инфляцийг нам дор барих түвшинд гэдгийг тодотгосон бөгөөд эдийн засгийн өсөлт, гадаад худалдаагаар дамжуулан макро эдийн засгийг өсөлтийг хадгалах, төлбөрийн тэнцлийг алдагдлыг бууруулах талд бүх л арга хэмжээг авч ажиллана гэлээ.