Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нэлээдгүй удаан хугацаанд яригдсан Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлуулах асуудлыг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болжээ.
Ц.Туваан сайд хэлэхдээ “Би энэхүү шийдвэр гарсанд туйлын их баяртай байна. Энэхүү шийдвэр араасаа шууд болон дам эерэг нөлөөлөл олныг авчрах болно. Ялангуяа нүүрсний үнэ унаж буй, нүүрснээс олох ашиг тасалдах эрсдэл үүсч буй энэ цаг үед маш чухал шийдвэр юм. Хэлэлцээрээ соёрхон батлуулсны дараа компани хооронд гэрээ хийх нөхцөл байдал үүсч, “Чайна Энержи” компанид нэмж таван сая тонн нүүрс борлуулах боломж бүрдэнэ.
Төмөр замын хил холболт ганцхан Гашуунсухайт-Ганцмод дээр биш бусад буюу Хангимандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, цаашлаад гурван улсын хооронд баригдах баруун, зүүн төмөр замын коридор гээд маш олон эерэг ажлыг дагуулна. Мөн урд хөрштэй зогсонги байдалд орсон бусад төслүүдийг хөдөлгөх юм. УИХ-ын хаврын чуулганы хамгийн эхний асуудал энэ байх юм. Өмнөд хөрштэйгээ хийх том төслүүдийн гарааг зөв хийснээрээ эерэг болж байна.
Монгол Улс Уул уурхайн биржийн тухай хуулийн дагуу нүүрсээ арилжаалдаг болсон. Биржээр арилжаалагдсан нүүрс маань тодорхой хугацааны дараа хил нөхцлөөр хүлээж авах байгууллагадаа хүрнэ. Өнөөдрийн байдлаар 12.4 сая тонн нүүрс хилээр гарсан. Үнийн уналт нь давагдашгүй хүчин зүйл буюу АНУ зэрэг улс орны худалдааны асуудлаас үүдэж буй. Гэхдээ төсөв тодотгох хэмжээнд асуудал үүсээгүй. Алтны экспортыг нэмэгдүүлэх чиглэлд ажлын хэсэг нэлээдгүй анхаарч ажиллана” гэлээ.
Монгол Улс хуулиа дээдэлдэг улс. Хуулиас дээгүүр хэний ч шийдвэр байхгүй. Иргэн, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч ч хуульд захирагддаг. Уул уурхайн салбар, яамны зүгээс энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаална. Хөрөнгө оруулалтыг ч тууштай дэмжинэ. Харин хууль зөрчсөн асуудал байгаа бол хуулийн дагуу яваарай гэдгийг салбарынхандаа хэлэхийг хүсэж байна хэмээн Ц.Туваан сайд онцоллоо.