ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Туваан: 22 сарын дараа анхны вагон явж эхэлнэ

O.Admin
8 цагийн өмнө

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Монгол, Хятадын Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслол өнөөдөр боллоо.

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцсон.

Өнөөдөр Монгол Улсын “Тавантолгой төмөр зам” ХХК болон БНХАУ-ын “Чайна Энержи Ганцмод төмөр замын хөрөнгө оруулалт” ХХК хоорондын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих тухай хэлэлцээр, Нүүрс худалдах, худалдан авах урт хугацаат гэрээ, Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны ерөнхий гэрээнд гарын үсэг зурлаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг барих төсвийг хэлэлцээрийн шатанд маш сайн бууруулж чадсан. Төмөр зам ашиглалтанд оруулах хугацааг ч наашлуулсан, 22 сарын дараа вагон явж эхэлнэ.УИХ-аас үндсэн чиглэлээ батлуулж байгаад энэхүү хэлэлцээрийг Засгийн газар байгуулсан. Хэлэлцээрийн үеэр Гашуунсухайт эхэлж араас нь Шивээхүрэн-Сэхэй, Бичигт-Зүүнхатавч, Хангимандал гэсэн дарааллаар төмөр замын холболтуудаа хийхээр БНХАУ-тай тохирсон. Өнөөдрөөс эхлэн Шивээхүрэнгийн боомтыг холбох ажлаа яриад явна. Холболт богино зайд учраас магадгүй Гашуунсухайтаас өмнө ч ашиглалтад орчих байх.

Төмөр замын хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргаад явна. Анхны яриа хэлэлцээрийн шатанд 976 тэрбумын өртөг яригдаж байсан ч төмөр зам, зам тээврийн салбарынхан маань маш сайн ажилласны хүчинд мөнгийг бууруулж, хугацааг мөн наашлуулж, амжилттай гэрээ хэлцэл хийлээ. 976 тэрбумыг 900 болгож бууруулж байна гэхээр монголын төлөх өртөг буурч байна гэж ойлгож болно. Нүүрсний экспорт жилдээ 30 сая тонноор нэмэгдэхээс гадна экспортод гаргах бараа эргэлт нэмэгдэж, төмөр замаар борлуулалт хийж эхэлснээр 1.5 тэрбумын орлого нэмэгдэнэ гэж эхний хэмжээнд дүгнэсэн.

Дан ганц нүүрс бус шатахуун, бусад бараа бүтээгдэхүүний өртөг ч хямдарна. Дэлхий даяар татварын дайн болохоос өмнө бид гэрээгээ амжиж байгуулсан. Ингэснээр БНХАУ-ын таван боомтын дундаж үнэ дээр суурь үнээ авч дунджилсан үнээр борлуулна. Энэ үнэ нь улирал тутам хөдөлнө. Гэрээний үнийг тодорхой хэлж мэдэхгүй. Энэ өдрөөс хойш нүүрс худалдах, худалдан авах гэрээгээ байгууллаа. Үнэ өсөхөд дагаад өснө. Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудалд анхаарч Ончхараат, Бортолгойт гэсэн хоёр ордоо нэмж ашиглалтад оруулна.

Тэрбум тонны нөөцтэй ордууд байгаа. 2030 оны нэгдүгээр сарын 01 гэхэд энэ хоёр ордоо ашиглахад бэлэн болгоно. Хайгуулыг баталгаажуулж, нүүрсний чанарыг баталгаажуулснаар 2030 оноос 20 сая тонн гаргаж эхлэх үед дээрх хоёр ордоо ашиглаж эхлэх юм. Дөрвөн жил хагасын хугацаанд бидэнд маш их ажил байна. Өнөөдөр бид Ганцмодны боомт руу орж ажиллана. Сарын өмнө 4.6 сая тонн нүүрсний овоолго байсан бол 3.3 сая тонн болж багассан байна. тарифын хязгаарлалтад эерэг үр дүн гарснаар нүүрсний борлуулалт, биржийн үнэ, экспорт тогтворжих мэдээлэл авлаа" хэмээн байр сууриа илэрхийлэв.