Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцсон.
Тэгвэл “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацаат гэрээ”-ний хүрээнд 2025 онд таван сая 2026, 2027 онуудад зургаа, зургаан сая 2028 онд 10 сая буюу нийтдээ 27 сая, 2030 оноос жилийн 20 сая тонн хүргэж олборлох, нийтдээ 247 сая тонн нүүрс худалдах гэрээг байгуулсан билээ. Мөн олборлох нүүрсний агуулгыг 55:35:10 буюу коксжих 55, 3/1 35, эрчим хүчний нүүрс 10 гэж тохирчээ.
Тэгвэл тус гэрээний ажлын хэсэгт орж ажилласан “Эрдэнэс Тавантолгой” компанийн Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга О.Цэрэндондог ярихдаа,
"Нүүрсний үнийн тухайд “Эрдэнэс Тавантолгой” компанийн одоо хэрэгжиж байгаа урт хугацааны гэрээнүүдийн жишиг үнийг баримталсан. Хятадын зах зээлийн байдал, дотоодын эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор нүүрсний үнэ унасан, нийлүүлэлт ихэссэн ч эрэлт буурсан байдалтай байна. Тэгэхээр хоёр улс гэрээ байгуулсан учраас урт хугацааны гэрээнүүдийн жишиг үнээр алдагдалтай гэхээс илүүтэйгээр уурхайн үйл ажиллагааг тогтвортой, урт хугацаанд хангах боломжтой үнийг бий болгоно.
Үнийг улирал бүр өөрчилнө. Хятадын зах зээлд өсвөл үнэ өснө, буурвал дагаад буурна. Зах зээлийн механизмын дагуу л борлуулалт явагдана гэж хоёр улсын Засгийн газар тохирсон. Хоёр талд харилцан ашигтай борлуулснаар валютын орлого нэмэгдэнэ. 16 жилийн хугацаанд үнэ яаж өөрчлөгдөхийг таашгүй. 200 ам.доллар байсан нүүрс өнөөдөр 110 руу буучихаад л байж байна шүү дээ. Тэгэхээр тоог тааж хэлэх боломжгүй" хэмээн байр сууриа илэрхийллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал хил холболтын төмөр замын санхүүжилтийн асуудлаар мэдээлэл өгөв.
Тэрбээр, “Анх 976 тэрбумын төсөвт өртөгтэй байсан ч буурсаар өнөөдрийн байдлаар 860 тэрбумын өртөгтэй баригдахаар эцэслэн шийдэж, сонгон шалгаруулалтыг хийлээ. Өнөөдрийн байдлаар урт хугацаатай гэрээ хийсэн компанийн үнэ 59 ам.доллар байна. Энэ гэхдээ тээвэргүй үнэ. Тээвэрлэлт нэмэгдэхээр манай зарж байгаа биржийн ханш руу нэлээд дөхөж очих болов уу. Энэхүү гэрээ маань 16 жилийн турш 247 сая тонн нүүрс нийлүүлэх урт хугацааных учраас улирал тутам үнэ шинэчлэгдээд явна.
Эхний таван жилд буюу 2030 он хүртэл 27 сая, түүнээс цааш жил тутам 20 сая тонн нүүрс авахаар дүнгээ тохирсон. Төслийг 2.5 жил үргэлжлэх хугацаанд манай тал санхүүжүүлнэ. Манайх эрсдэлд орохгүй, төслийн санхүүжилтийг бүрэн тооцчихсон байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ хуралдаанд өнөө жил 200 тэрбумыг зарцуулна гэж төсвөө баталсан. Тухайн жил жилийнхээ төсөвт мөнгөн урсгалаа харж байгаад тооцоод батлаад явах юм. Төслийн хугацаанд гурав хувааж санхүүжилтээ гаргана. Тавантолгой төмөр зам дэд бүтэц бүх зүйлээ хариуцаад явна. Тус компани нь манай компанийн охин компани юм" хэмээлээ.