Д.Отгонбаяр: Монгол рокийг хэн ч өмчлөх эрхгүй

O.Admin
14 цагийн өмнө

Гуч гаруй жил урлагийн тайзнаас буугаагүй домгийг тэд бүтээжээ. Хүний амьдралын жаргал, зовлон, баяр гуниг дундуур тэдний хөг аялгуу эгшиглэж, сэтгэл зүрхний эмзэг нандин бүхнийг онгично. Тэдний дуугаараа үгүйлсэн  бүсгүйд сэмхэн дурлаж орхих. Хамтдаа үгүйлж, хамтдаа дурлан шаналсаар 30 гаруй жилийг ардаа орхижээ. Ойн тоглолтоосоо хойш хоёр жил завсарлаад “Хурд” хамтлаг тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтын талаар, уран бүтээл, тэдний бүтээсэн домгийг гитарчин Д.Отгонбаяртай хөөрөлдлөө.

-Хэзээ ч хуучрахгүй “Хурд” хамтлаг тоглолтоо хийх болжээ. Энэ тоглолт уран бүтээлээ хийж эхэлснээс хойш хэд дэх нь вэ?

-Бид нар тоглолтоо ёстой тоолж үзээгүй юм байна шүү. Миний хувьд бүрэн хэмжээний төд дэх тоглолт гэж нарийн тоо хэлж мэдэхгүй байна. Тоглолт зохион байгуулж байгаа продюсер, маркетингийн баг одоо л нарийвчлан гаргаж байгаа болов уу. Миний багцаагаар 30 гараад явчихсан 35 орчим болов уу гэж бодогдоод байна.

-Тоглолтын тов гарчихсан, хаана тоглохоо  тогтчихсон юм байна?

-Тоглолт зургадугаар сарын 21-нд хуучнаар хүүхдийн парк одоогийн Шангрила зочид буудлын хажууд “Сошиал парк” гэж орчин үеийн тохижилттой, амьд хөгжмийн шоу тоглолт зохион байгуулж болохуйц маш сайхан талбайд хийхээр төлөвлөчихөөд сууж байна. Тохижилт сайтайн дээр техник хэрэгсэлтэй, тог цахилгаантай, үзэгчид тааваараа байж болохуйц ногоон зүлэгтэй юм байна. Хурд хамтлаг энэ талбайд “Бүсгүй” концертоо тоглоно.

-Тоглолтоо “Бүсгүй” гэж нэрлэсэн нь өнгөрсөн өвөл шуугиан тарьсан уран сайхны кинотой холбоотой гэж ойлголоо?

-“Бүсгүй” уран сайхны кино шинэ оноос эхлэн театруудаар гарч Монголын ард түмний хүртээл болж, хөдөө орон нутаг, гадаадад амьдарч буй монголчуудын хүртээл болж явсаар энэ тоглолтоор кино театрын хаалтаа хийж байна гэж ойлгож болно. Тоглолтын дараа Ай Пи телевизүүдийн урын санд орох юм. Бид өнгөрсөн 30 жилийн ойн тоглолтоос хойш томоохон тоглолт хийлгүй хоёр жил өнгөрчээ. Үзэгч, сонсогдын зүгээс “Зун тоглолт хийгээч” гэдэг хүсэлт бидэнд маш их ирсэн. Ер нь ард түмэн сонсогч, үзэгч, дэмжигчид бидэнд маш гоё санал, уран бүтээлийн шинэлэг санаануудыг өгдөг.

Сонсогч дэмжигчидтэйгээ харилцдаг цахим хуудас, зурвасуудаа сайн шалгаж үзэж байх ёстой юм билээ. Тэр дунд л уран бүтээлийн шинэлэг санаанууд, санаанд оромгүй гоё шүлгүүд, сонин сэтгэгдлүүд ирдэг. Сая бид “Бүсгүй” уран сайхны киногоо хүлээлгэж өгчихөөд наадмын тоглолтууддаа бэлдэх тухай л бодож байлаа. Гэтэл гадаадад амьдардаг монголчууд, хөдөө орон нутгийн үзэгч, сонсогчид “Бүсгүй” уран сайхны киногоо концерт болгооч гэдэг санааг гаргаж хүсэлт уламжилсан юм.

Сая киногоо аваад европод амьдардаг монголчууддаа үзүүлээд явж байхдаа би нэг зүйлийг ажиглалаа. Европт амьдардаг монголчууд бараг нийтээрээ шахуу зургадугаар сарын сүүлээр эх орондоо ирчихээд долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр буцаад явчихдаг болчихож. Нутагтаа ирж наадмаа үздэг, зунаа өнгөрөөдөг гоё соёл бий болж байгаа юм байна.

-Кинотой холбоотой гэхээр зохион байгуулалтын хувьд шинэлэг, арай өөр төрлийн гэж хэлж болохуйц тоглолт болох нь байна?

-Арай өөр тоглолт болно. Ялангуяа киноны саундтрак болсон “Норсон зүрх”, “Бүсгүй” гэдэг хоёр дуун дээр киноны хэсгүүдээс тайзан дээр тоглогдох юм. Гол дүрийн жүжигчин гэнэтийн бэлэг барих гэх мэт төгсгөл хэсэг рүүгээ сонин содон зүйлсээр дүүрэн байлгана. Энэ жил “Хурд” хамтлаг “Хурдын нэрлэсэн дива” гэж таван дуучныг зарлах юм.

Эдгээр дуучдыг орчин цагийн эстрад урлагийг өнгөлж, цааш нь үргэлжлүүлээд аваад яваарай, “Хурд” хамтлаг шиг зогсолтгүй урагш тэмүүлээрэй гэдэг урам зориг өгөх зорилготой. “Бүсгүй” нэртэй тоглолт дээр бүсгүй хүний хоолой цангинахгүй бол төсөөлөгдөхгүй. Манай тоглолтод ганцхан Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа урилгаар ирж миний зохиосон “Чи миний” нэртэй уран бүтээлийг дуучин Цогоотой хослон дуулна.

-“Хурд” хамтлагийн Дива гэж зарлах таван дуучин ард түмний дунд нэр нь түгээгүй залуу уран бүтээлчид байх юм уу?

-Уран бүтээлийнхээ гараанаас гарсан уран бүтээлчээс гадна олны дунд нэр алдар нь түгсэн дуучин ч бий. Өнгөрсөн гуравдугаар сард тоглолтоо хийсэн, дараагийн Дива нарын толгойд яваа гэж хэлж болох дуучин Б.Баярцэцэгээс эхлээд манай хамтлагийн “Ээждээ” дууг дуулсан Бадамаа байна. Энэ бүсгүй сүүлийн үед маш гоё дуулж байна. Энэ мэтчилэн “Хурд” хамтлагийн Дива гэж зарлах залуу уран бүтээлчдэд ёс зүй, ур чадвар, сахилга бат, дэг журам, өөрсдийн дүр төрх, сонгосон жанртаа үнэнч байж эстрад урлагийг цааш нь аваад явчих хэмжээний зүйлс чамд байна шүү гэдгийг мэдрүүлж өгөх гээд байгаа юм.

“Хурд”-ын домог ийнхүү төрөв

-Би тантай ярилцахаар наашаа явж байхдаа нэг хачин юм бодлоо л доо. “Хурд” бол ард түмний дунд домог болсон хамтлаг. “Аавдаа”, “Эх орон”, “Зураг шиг бүсгүй” гэх мэт маш урт жагсаалт гаргаж болохуйц уран бүтээл нь өөрийн түүхтэй мөн л домог болсон дуунууд. Он цагийн уртад аль нь алийгаа домог болгочихов оо. Бид бол мэднэ. Биднээс хойш үе бол мэдэхгүй шүү дээ?

-Миний бодлоор бол ийм учиртай юм. Аливаа зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай. Тухайн цаг үедээ ирдэг бас буцдаг. Тэртээх 1980-аад оны дунд үеэс эхлээд “Цирк” эстрад хамтлагийн Ц.Энхманлай гэдэг гитар маш гоё тоглодог ах тодорч гарч ирээд л хүүхэд залуус биднийг ёстой хуйлруулж байлаа. Тухайн үеийн хөгжимд дуртай бүх л залуус Ц.Энхманлай ахаас үлгэр дуурайл авч гитартай болохыг мөрөөдөж, зүүдэлж хонодог байлаа.

 Тэгээд ах минь сая бурхны оронд мордохдоо “Бүх зүйл цаг хугацаатай шүү, би энэ орчлонд хийх зүйлээ хийсэн” гэдгийг буй биеэрээ  амьдралынхаа түүхээр өгүүлчихээд л явлаа шүү дээ. Үүнийг дурдахын учир бидний ээж, аав хоёр тэртээ 1950-аад оны дунд үед танилцан дотносож эхлэхтэй зэрэг “Хурд” хамтлагийн домог бичигдэж эхэлсэн гэдгийг өгүүлэх гэснийх.

Хэдийгээр “Хурд” гэдэг нэр бараа сураггүй байсан ч ээж аав хоёрын ариун нандин хайр биежин ууган ах Ганболд хорвоод мэндэлж хөгжимд дурлаж өсөөд, дүү нараа уруу татан хүмүүжүүлснээр өрнөж эхэлнэ. Ганболд ах гитар хөгжимд дурлан төмөр зам, орос цэргийн ангиудаар явж суралцсаар гэртээ хөгжим тоглож хөгжмийн гоё эрчим, урсгал бий болгож эхэлснээс л “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжиж эхэлсэн.

-Миний бодлоор эндээс “Хурд” хамтлагийн домог эхэлж байх шиг?

-Домгийг бид бүтээгээгүй юм. Бидний ээж аав хоёр бүтээж эхэлсэн. Тэр хоёроос ах нар үргэлжлүүлж авсан. Ах нар тавын банз хөрөөдөн рам босгож, радио эвдэн цахилгаан гитар хийсэн нь оюун санаанд бойжсон “Хурд” хамтлагийг биежүүлэхийн тулд юм. Манай ахын цэргийн хуаранд “Цэргийн бодол” ,

…Айлчлан ирсэн нөхөд минь

                                     буцлаа

Асгарах нулимс нүдийг михнь

                                    бүрхлээ

Ангир ангираа дагуулдагын

                                         адил

Амьдрал хүнийг дагуулдаг юм байж дээ… гэдэг үгтэй “Найзууд” зэрэг дууг зохион найз нөхдийнх нь амаар уламжлагдан ирсэн нь “Хурд” домгийн нэгээхэн хэсэг байсан. Энэ домгийг үргэлжлүүлэх тушаал авч биелүүлсэн нь одоогоос 32 жилийн өмнө үүссэн “Хурд” хамтлаг. Тэгэхээр тэртээх 1950-аад оноос эхлэлтэй манай гэр бүлийн хөгжимд дуртай эрчим, өнөөгийн он цагт “Хурд”-ын домгийг түүчээлэн авчирсан юм болов уу. Үүнд бидний эцэг эхээ хүндлэх, эх орноо хайрлах, найзалж нөхөрлөх чанарыг эрхэмлэх, орц, гудамж ер өөрийн гэсэн бүхэндээ хайртай суурь хүмүүжил гэх мэт зүйлсийн эрчим нэгэн цэгт цугларч “Ээждээ”, “Аавдаа”, “Эх орон” гэх мэт уран бүтээлийг бүтээх хүч өгч, тухайн дуугаа шүншиглэн оршсон хэрэг. Магадгүй бид нүүдэллэн амьдрагч гэр бүлд төрж өөр, өөр газар төрж өссөн бол өнөөдөр “Хурд” гэдэг хамтлаг байхгүй байх. Тэгэхээр яах аргагүй төмөр замын буйдхан тосгон, яг л тэр цаг мөч, энэ хамтлагийг үүсэн бий болгох нөхцөл нь байжээ гэж би боддог.

-Өөр, өөр хүнд төрсөн нэг мэдрэмжийн төвлөрөл байжээ. Хэрвээ “Хурд” хамтлагийнхан өөр газар төрцгөөсөн бол эх орон гэдэг агуулга дээр нэг мэдрэмжээр цуглахгүй байсан гэж та хэлэх гээд байна уу?

 -Цуглахгүй байсан. Бид нар төмөр замын жижигхэн буйдхан сууринд цувж төрсөнд л учир байгаа юм. Тухайлбал, аав цэргийн хүн байж таараад нэг нь хил дээр, нөгөөх нь аймгийн төвд гэхчилэн төрсөн бол бидний урлагийн мэдрэмж нэгэн цул болж чадахгүй байсан байх. Дуунуудын хувьд ард түмний зүрх сэтгэлд аль хэдийнэ оршсон. Харин үүнийг ард түмний сэтгэлд орштол хэн сийлж өгсөн юм бэ.

Цогоогийн хоолойгоор дамжуулан “Хурд” хамтлаг урлаж сийлж өгсөн. Цогоо энэ гэр бүлийн эцэг эх, эх орноо хайрлах сэтгэлийг ард түмэнд дамжуулах радио станц, дуу хоолой юм шиг. Тэгэхээр Цогоо энэ гэр бүлийн гишүүн болж төрсөн нь анзаарахгүй орхиж боломгүй утга учрыг өгүүлж байгаа биз.

 

Би нэг зүйлийг боддог. Бидний үеийнхний эцэг эхээ хайрлан эрхэмлэхээс эхлээд дагаж мөрдөхийг хичээдэг өв соёлыг орчин үеийн залуус ойлгохгүй, бүр хачирхан гайхдаг байх л даа. Гэхдээ тэдний зүрх сэтгэлд ч асар их энэрэл хайр байж л байгаа. Ээж, аавдаа муухай үг хэлчихээд бодолдоо гэмшсэн ч “Уучлаарай” гэж хэлж чадахгүй тэдний сэтгэлд, монгол сэтгэлгээний онцлог, хүмүүжлийн тусгал байж л байгаа. Яагаад гэвэл бид нарт байсан юм чинь тэдэнд ч байж л таараа шүү дээ. Монголоос өөр хайчих юм бэ, тийм биз дээ. Тийм учраас бид л эцэг эхээ хайрлан энэрэх сэтгэлээ гээлгүй, эх орон, нутаг ус, байгаль дэлхийдээ өгөөмөр халуун сэтгэлээр хандаж, зүй ёсоор харьцаж мэдэрч явах юм бол хүүхэд залуусын суурь мөн зөв тавигдах юм байна. Хүн болгон энэ орчлонд ирэхдээ ямар нэг үүрэгтэй ирдэг. Магадгүй хэн нэгэн төөрчихсөн явж байж ч болох.

-Олон жил тайзан дээр дуулсан хамтлаг дуучид тоглолт хийхдээ үзэгчдийн алга ташилт гэх мэт сэтгэл хөдлөлд донтдог болов уу гэсэн бодол төрдөг?

-Биднийг үзэхээр цугласан олон мянган хүнийг харах маш гоё. Тийм цаг мөч олон байгаасай гэж эцэг өвгөд, тэнгэр бурхандаа залбирдаг. Монголын ард түмний өмнө, тайзан дээр бие эрүүл, ухаан саруул он удаан жил зогсох боломж өгөөч гэж. Хөгжим, урлагийн төлөө гитараа тэврээд бурхны оронд одсон, эсвэл урлагийн энэ алтан тайзан дээр гарах боломж олдоогүй гарцаагүй авьяастан тэр хэн нэгний төлөө.

Учир нь тэр бүх хүний хүсэл мөрөөдөл дээр л би өнөөдөр зогсож байгаа юм. Отгоо шиг тайзан дээр гараад үсээ эргүүлээд үзэгчдийг нэг зүгт нэгэн зэрэг харуулж чаддаг, нэг амьсгал нэгэн сэтгэлийн хүчээр тоглодог хамтлагтай болох юм сан гэж хөгжимчин бүр л мөрөөддөг. Сэтгэл хөдлөлийн дээд цэгт хүргэж таашаал, тайтгарал авчрах ийм тоглолт жилд ганц, заримдаа хоёр, гурван жилд л нэг тохиож байна шүү дээ. Үзэгч, хамтлаг хоёр талаасаа хүсэмжилсэн сэтгэлийн уулзвар, өнөөдрийн тоглолт. Заримдаа цаанаасаа л нэг болохоо байчихдаг.

 Би тэр үед “За энэ тоглолт болохгүй байна” гээд больчихно. Цаг нь биш байхгүй юу. Хийж байгаа ажил цаанаасаа л нэг болж өгөхгүй оргиод байх үе байдаг даа. Дуу нь байна, тоглох цаг нь байна. Хөгжим, тайз бүх юм нь байгаа ч тоглолтоо хийх гэхээр нэг л болж өгдөггүй. Хувийн асуудал гарахаас эхлээд л “Хурд” хамтлагийг тэнд тоглуулъя, ийш нь урина гэх мэтээр орхиж болохгүй зүйлс ургаж гарч ирээд л байна. Гэтэл тоглолтоо хийхийн тулд хоёр сар хаашаа ч хөдлөхгүй сууж бэлтгэлээ хангах ёстой байдаг.

Ингээд л цаг нь арай болоогүй юм байна гэдгийг уран бүтээлч хүн мэдрэх ёстой болно. Харин зургадугаар сарын 21-ний тоглолтыг би хоёр ч удаа болих гэж оролдсон. Цаанаасаа л болохгүй байсан. Бид нар ярилцаад “За цаг нь ирсэн юм байна, хийцгээе” гэж шийдээд л бэлтгэлдээ орлоо. Ахиад л нөгөө аливаа зүйл цаг хугацаатай гэдгийг сануулаад байгаа биз. Магадгүй би энэ тоглолтыг хүчээр болиулсан бол дараа жил “Бүсгүй” гэдэг тоглолт болохгүй.

 Монгол Рокыг хэн ч өмчлөх эрхгүй

 -Ойрхон тоглолтууд их болж байна даа, тийм ээ?

-Би сошиалаар стадионы гадна, дотор болж байгаа тоглолтуудын талаар элдэв янзын мэдээ уншиж, мэдээллүүд авч л байна. Хэдэн мянган хүн цугларчээ гэж бичээд л хүн нэг бүрийг мөнгөн дүнгээр үржүүлж сампин цохиод суучих юм. Тоглолт зохион байгуулна гэдэг хөгжмөө тэвэрч тайзан дээр үсэрч гараад л дуулчихдаг юм биш шүү дээ. Бэлтгэл, зохион байгуулалтын асар их ажил байхаас гадна төдий хэмжээний их хөрөнгө зарцуулна. Зүгээр нэг дизель генератор авчирч асаахад л хэдэн арван саяын зардал гардаг. Нөгөө талаараа Улаанбаатар хот зуны улиралд 1.8 бараг хоёр сая хүнтэй болчихож байна уу. Энэ олон хүн ямар нэг байдлаар соёлын хэрэгцээгээ хангах ёстой биз дээ. Үргэлж л зам дээрээ түгжрээд, утаа майдаа хордож бухимдаад, хэрүүл хараал, жагсаал цуглаан хийж, уурлаж бухимдаж амьдрах албагүй. Бидэнд сайхан зүйл зөндөө бий. Үзэж харах зүйл ч их. Эхнэр хүүхдээ дагуулаад цэцэрлэгт хүрээлэнгээр тайван зугаалж, зайрмаг авч идмээр байна.

Биесийнхээ амар мэндийг асууж “Сайхан зусаж байна уу” гэж мэндэлмээр байна. Сайхан зусаж байна уу гэдэг мэндчилгээ бидний ондоошлын маш том ялгарал болсон өв соёл. Үүнийг дэлхийн өөр ямар ч том хотод сонсохгүй. Зөвхөн Улаанбаатар хотод л сонсоно. Тэгэхээр зуны тоглолтууд маш олон байх ёстой. Хүмүүс зуны тайван улиралд соёлын хэрэгцээгээ ханатал аваг л дээ.

-Тоглолтууд олон байж болж байна л даа. Гэхдээ муу мэдээ дагуулах нь элбэгшээд байна?

-Зохион байгуулалтын алдаа. Маш сайн зохион байгуулалттай хий л дээ. Саяны “Зуны зугаа” шоуны талаар ярьж байх шиг байна. Залуус өөр зуураа мэс гаргасан л гэнэ. Гэртээ адал явдалтай кино үзэж байгаад гарч ирсэн юм уу. Өөрсдийгөө боевик киноны гол дүр гээд бодчихдог юм уу, мэдэхгүй. Залуус бүгд  адилхан ардаас нь санаа зовж суугаа аав ээжтэй байж таарна. Сайхан юм үзээд ирэг гэж арав таван төгрөгөө атгаж өгөөд л гаргасан байгаа. Энэ бүхнээ бодоод найрсаг байж сур л даа. Гэхдээ орчин үеийн залуус ухаантай болсон, ухаарал авсан байх аа. Олон нийтийн газар биеэ зөв авч явах соёл гэдэг залуу хүний маш том үнэлэмж шүү. Сошиалаар явж байгаа бичлэгүүдийг харсан л даа.

Нэг нь л хөдөлбөл нийлээд л дарвичих гээд байгаа бололтой харагдаж байсан. Залуу насанд дарвих үе байлгүй яах вэ. Ааг омог багтаж ядаад л байдаг юм чинь. Би ч залуу байсан, дарвиж л явлаа. Гитараа үүрээд л орц хонгилоор орж явсан үе надад бий. Цаад углуурга нь зөв байвал нэг их айхтар хор уршигтай зүйл болохгүй. Нэгнээ дөгөөж дарвихыг зөв тийш нь залж чадвал маш том хүч шүү. Ихийг бүтээнэ дээ. Улаанбаатарчууд тоглолт үзэх эрх нь мэдээж нээлттэй. Тоглолтуудаа гоё зохион байгуулах хэрэгтэй. Ялангуяа өөрсдөө хөгжмөө зохиож, хөгжмөө тоглож дуулдаг хамтлагийн тоглолт ховор болдог. “Хурд” хамтлаг 2023 оны зургадугаар сард тоглолтоо хийж байсан бол хоёр жилийн дараа л тайз руу гарах гэж байна.

-Догдолж байна уу?

-Догдлолгүй яах вэ. Би чинь тоглолтын өмнө хөтөлбөрөө гаргачихаад л түүнтэйгээ амьд юм шиг яриад суучихдаг хүн. За өмнөх тоглолт дээр үзэгчдийн ийм салхин дээр би ингэж хэлсэн энэ удаад яах вэ гэх мэтээр дотроо бясалгана. “Ээждээ” дууны өмнө ингэж хэлнэ “Бүсгүй” дууны дараа тэгнэ дээ гэх мэт тоглолтынхоо бүх зохиолыг дотроо дүрсжүүлээд харчихдаг. Яг тайз руу гарахад л энэ бүгд чинь тархи руу үерлэх мэт л цутгаад эхэлнэ дээ. Хэлэх үгнүүдээ бэлдэх ч шаардлагагүй.

-Ёстой онгод нь орно гэдэг шиг л юм болдог байх нь?

-Урлагийн хүний онгод орно гэгч үүнийг л хэлдэг юм уу гэж би боддог шүү. Түүнээс 100 грамм татчихаад онгодоо орохыг хүлээгээд сууна гэдэг шал утгагүй зүйл. Би 100 татчих юм бол юун онгодтой манатай тархи толгой өвдөөд шаналал болж гүйцдэг. Хүн 100 татчихаар л онгод нь ороод гэнэт яруу найрагч ч юм уу хөгжмийн зохиолч болчихдог юм гэж ч юу байх вэ, зүгээр сэтгэлээ хөнгөн байлгах л гээд байгаа юм. Элдэв асуудлаас оюун санаагаа чөлөөлөх гээд байна шүү дээ.

-“Хурд” рок хамтлагийн энэ удаагийн тоглолт ямар тоглолт болох вэ. Рок тоглолт уу?

-Үгүй ээ. Холимог тоглолт болно. Нийтдээ 26 дуутай гурван цагийн тоглолт хийнэ гэдэг зохиолоо гаргаад өчигдөр бид эцэслэн баталлаа. “Сайхан хайр”, “Багаа хуул” гэдэг шинэ хоёр дуу дуулж байгаа. Үзэгч, сонсогчдын сэтгэлд хоногшсон хуучны гоё рок дуунуудаа босгож дуулна. “Миний найз, миний дайсан”, “Шөнө”, “Чоно” зэрэг хүнд элемэнттэй рок дуунуудаа дуулна. “Сайхан хайр” дуу юү түб дээр сая гаруй үзэлттэй явж байна. Уран бүтээл гэдэг яг л хүүхэд шиг. Төрсөн даруйдаа үзэлт өндөртэй явж байгаад гэнэт нам гүм болчихно. Тэр үе миний уран бүтээл уруул нь өмөлзөөд “Намайг хэн ч тоохоо больчихлоо” гэж уйлж гомдоллоод байх шиг санагдана. Үзэлт нь өсөөд ирэхээр дууны амь орж байх жишээний. Агуу Б.Шарав гуай хүртэл “Уран бүтээл бүхэн өөрийн туулах зовлон жаргалтай байдаг” гэж хэлсэн. Би түүнтэй санал нэг. Өнөөдрийн зарим уран бүтээл гэж нэрлээд байгаа зүйл цаг хугацааны шалгуурыг давж дийлэхгүй босгоны гадна үлдэж байгааг би лав уран бүтээл гэж чадахгүй.

-Одоо ч хиймэл оюун ухаан гэдэг юм хөгжөөд хэн дуртай нь уран бүтээлч болоод байгаа юм биш үү?

-Хүний зүрх сэтгэлээс ундарч үнэнээс төрсөн уран бүтээл л хүний сэтгэлийн чавхдасыг хөнддөг учиртай. Хиймэл оюун ухаанаар маш их шүлэг зохиож, ая бичүүлдэг болж. Ямар ч уран цэцэн болсон юм нөгөөх нь. Бараг мань мэт хэрэггүй болж байгаа юм даг уу.

-Нэг хэсэг Монгол поп гээд л яригдаад байлаа. Би зүгээр үүнээс санаа авсан юм биш шүү. “Хурд” хамтлагийн дуу, хөг аялгуу, үг нь цаанаа нэг монгол үнэртэй. Танай хамтлагийг би Монгол онцлогтой рок гээд бусад рокуудаас нь ялгачих уу?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Рок хөгжмийн үүслийг Англиас гаралтай, Америкаас гаралтай гэх мэт янз бүрээр л ярьж байна. Яг хөгжим дуугаралтаас эхлээд юмнууд нь үүнээс ингэж эхэлжээ гэж 100 хувь батлагдаж, нотлогдсон юм алга. Судлаачид, рок түүхчид янз бүрээр л бичиж байна. Харин миний бодлоор рок хөгжмийн үүсэл бол Монгол. Бүр Хүннүгийн үеэс гэж бодож байна. Яагаад ингэж бодов гэдгээ одоо тайлбарлая. Монголчуудын амьдралын хэв маяг, зан араншин тэр чигээрээ рок. Догшин үедээ ширүүн, зөөлөн үедээ энэрэнгүй, нигүүлсэнгүй. Энэ дэлхийд хоёронтоо их тэлэлт хийж голт зүрхийг нь базаж чичрүүлсэн ард түмэн рок байхгүй гээд яах юм бэ. Чи хөөмий хархирааг төсөөлөөд бод доо.

Гитарын хөгийг жаахан өөрчлөхөд л монголчуудын хархираа хөөмий шиг дуугараад байгаа биз дээ. Тэгвэл рокын өлгий Монгол юм биш үү. Монгол уртын дуу хүн төрөлхтний хөг эгшгийн эх ундарга юм бишүү. Байгалийн дуу чимээ чинь л энэ хөгжмийн, дууны урлагийн эхлэл.

Сүүлийн 200 жил амьдарсан хүмүүс л рок гэж нэрлээд өмчлөх гэж гүйлдээд байгаа болохоос дуугарч байсан эгшгүүд. Монгол рок бол бүр эртний туульс. Манай бөөгийн шашны характерыг хар, хувцас хэрэглэл хэнгэрэгийг нь хар. Тэр бөөгийн дуудлага,  тамлаганы цаана  орших рок хэмнэл айзам, характер. Яг л рок элементүүд харагдана. Гадныхан сонгодог хөгжим, жаз, блюзээс оруулж төрөлжүүлж гаргаа биз. Ер нь бол “Хурд” хамтлаг Монгол рок хамтлаг. Би анх Металлика, Гранжн россес, Аэро смит хамтлагуудыг дуурайгаад дуулж байтал манай ахлагч Ганбаяр ах “Хэдүүлээ монгол аялгууг яг эд нар шиг болгож үзье. Та нар гитарыг морин хуур шиг л тоглоодох. Цогоо чи жаахан хоолойгоо шахаад дуулаад үз” гэсэн. Тэгээд хийгээд эхлэхэд л яг бууж байгаа юм. Гаднынхан манай хамтлагийг сонсчихоод “Та нарын дууны үгийг мэдэхгүй хэрнээ хөгжмийг нь сонсохоор ойлгож чадахгүй сүнслэг зүйл мэдрэгдээд байна. Нүдээ аниад сонсохоор нүүгэлтсэн том зүйл, эсвэл эргэлдсэн хуй ч юм шиг.

Бүр эсрэгээрээ хүний сайхан сэтгэл байгаа ч юм шиг санагдаад байна. Үзэгдэж харагдахгүй зүйлтэй айхтар сүнслэг хамтлаг” гэдэг. Тийм учраас бид монгол туургатандаа олон жил оршин тогтноод байгаа юм. Сая англид киногоо гаргаж явахад Монголчуудыг сонирхдог, Чингис хааны тухай ном бичсэн зэрэг том эрдэмтэн судлаачид үзчихээд гайхаж байгаа юм. Тэд “Монголын рок хамтлаг төмөр замын буйдхан суурингаас төрсөн. Та нарт ийм боломж байдаг юм уу. Нэг айлаас таван хүн яг нэг зиндаанд ингэж явна гэдэг боломжгүй зүйл. Нэг гэр бүлээс нэг, их сайндаа л хоёр нь тодорч цойлж гардаг байхгүй юу. Бусад нь сонирхогч болоод л үлддэг.

 Гэтэл та нарт бөмбөрчин,басс, соль гитарчин, дуучин, бүр зохиолч нь хүртэл байна. Хамтлагийн ахлагч, продюсер, менежер нь байна. Ийм байх боломжгүй. Дэлхийн рок түүхэнд ийм зүйл байхгүй болохоор баримтат кино болгож  гарга” гэдэг санал хэлж байсан. Тэгэхээр “Хурд” яахын аргагүй монгол рок учраас энэ олон жил оршин тогтнож байгаа юм.

-Тэгвэл “Хурд” хамтлаг дуучин Болд монгол поп гэж зоригтой зарласан шиг монгол рокыг зарлачихвал яасан юм бэ?

-Болно. Надад ч тийм санаа угаасаа байсан. Монгол рокыг хийх ёстой байсан тул бид “Уухай” гэдэг хамтлагийг дүү, ач нараараа байгуулчихаад дэлхий рүү гарах гээд л үзээд байна. Энэ л яг монгол рок юм. Гэхдээ монгол рок, монгол попыг хэн нэгэн өмчлөх эрхгүй. Харин Хурд, Хү шиг хамтлаг, Болд, Сарантуяа шиг хамтлагууд олон төрөөсэй билээ. Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргууд монгол бөхийн төлөө хөдөө орон нутгаас хүүхэд шинжин олж дэргэдээ авчран дасгалжуулж байсан шиг бид соргог, сэргэг нүдээр авьяастнуудыг олж харж, илрүүлж урлагийн замд оруулах ёстой.

Хаа нэгтээ тэр гоц авьяастан төрчихсөн түмпэн шанагаа нүдээд л сууж байгаа. Ингэж ирээдүйгээ бэлдэх нь бидний хийх ёстой ажил байхгүй юу. Ирээд бидэн дээр гишгээд дээшээ цойлоосой, бид нараас илүү тоглоод өгөөч л гэж хүсээд байгаа юм.

Түүнээс “Хурд” ганцхан, бидний толгой дээр хэн ч гарах ёсгүй гэж ихэрхэж болохгүй. Хүнд “Би”-гээ тэжээдэг ихэрхүү өвчин бага зэрэг байх ёстой. Гэхдээ үүнийгээ зөв зүйлд гаргах ёстой шүү дээ. Ярианы эхэнд хоёулаа бүх зүйл цаг хугацаатай гэдгийг дурдсан. “Хурд”-ын цаг ч дуусна. Тэр үед яг “Хурд” шиг таван хамтлаг алалцаж баймаар байгаа юм. Үүнийг л би хүснэ. Түүнээс өнөөдөр би билет зарж хэдэн мянган хүн цуглуулахдаа биш.

“Рок” философи

  -Тэгвэл танай тоглолт бүр уран бүтээлийн тай­лангаас гадна хүүхэд залууст хөгжмийн урлагийг мэдрүүлэх, энэ урлагт шимтэх сэдэл төрүүлэх арга хэмжээ гэж ойлгож болох нь ээ?

-“Хурд”-ын “Бүсгүй” тоглолт дээр орчин цагийн таван дива дуучныг зарлана. Гэхдээ энэ таван дуучин “Хурд” хамтлагийн зүрх сэтгэлд оршсон дуучин шүү. “Хурд” хамтлагийн цаана хэн байдаг гээч. Ард түмэн байгаа. Нэг их маргахгүй байх аа. Энэ биш тэр байсан шүү гэж бодвол дараагийн таван диваг зарлаж болно шүү дээ. Бид ингэж л бие биедээ урам дэм өгч явмаар.

-Яагаад заавал тав юм бэ?

-Ямар нэг бэлгэдэл ч юм уу утга агуулаагүй дээ. Тавын тоо чинь өөрөө дүүрэн тоо. Дөрөв гэхээр арай дутчих гээд, зургаа гэхээр арай л илүүдчих гээд болохгүй оргиод байдаг. За тэгээд бэлгэдэл хайвал таван хошуу малаас эхлээд танай сонины лого улаан таван хошуу ч байна.

-Рок философи гэж ярьдаг. Яагаад ч юм таны рок философоор ярилцлагаа өндөрлөе гэж бодлоо?

-Хүмүүс рок гэхээр л энэ орчлонгийн хамаг л хахир хатуу, хар бараан, хүчир ширүүнийг чихэж орхидог. Амьдралын утга учир юу юм бэ. Чин үнэн гэж юуг хэлээд байгаа юм. Яагаад чи өөртэйгөө уулзахыг хүсдэггүй юм бэ. Ертөнцийн хоёр туйлыг элдэв баггүйгээр, хаалт саадгүйгээр өгүүлнэ. Үүнийг чи үнэн гэж бодвол бод, үгүй гэвэл чиний буруу ч бас биш. Хүн өөрөө худал үнэн, зөв бурууг оюун санаандаа тээж явдаг. Р.Чойномын өгүүлсэнчлэн “Бурхан чөтгөрийн эрлийз” . Тэгэхээр хүн өөрөө Рок.

 -Ярилцсанд баярлалаа.

 Трамп Төмөрөө 

Эх сурвалж: Монголын үнэн сонины №022/24649/ дахь дугаар