Багш нар тэтгэвэрт гарахдаа нэг удаа мөнгөн тэтгэмж авах эрхтэй байдаг. Сүүлд Боловсролын тухай хуульд орсон өөрчлөлтөөр “Зөвхөн төрийн байгууллагад ажилладаг багш нар авах эрхтэй” гэх мэдээлэл иргэдийн дунд гарсан байна. Энэ талаар БСШУСЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Ж.Ганбаатараас тодрууллаа.
-Багш нар тэтгэвэрт гарахдаа нэг удаа мөнгөн тэтгэмж авах эрхтэй байдаг. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Боловсролын тухай хуулийн заалт байдаг. Сургуулийн багш нар тэтгэвэрт гарахдаа ажилласан жилээрээ нэг удаа тэтгэмж авна. Хамгийн багадаа 25 жил ажилласан байх ёстой. Мөн 25-аас дээш жил ажилласан бол ажилласан жилээрээ үндсэн цалингаа тооцуулаад хамгийн дээд тал нь 36 сарын нэг удаагийн тэтгэмж авна.
-Боловсролын тухай хуульд юу гэсэн заалт байдаг юм бэ. Сүүлд хуульд өөрчлөлт ороод зөвхөн төрийн байгууллагад ажилладаг багш нар авах эрхтэй болсон гэсэн. Энэ үнэн үү?
Боловсролын тухайн хуулийн 43.1.4-т төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана гэсэн байдаг. 43.1.2-т заасан албан тушаал гэдэгт нь багш, захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн туслах багш зэрэг хүмүүс хамаарна. Энэ заалтыг 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. Үүнээс хойш ямар ч өөрчлөлт ороогүй.
-Тэгэхээр зөвхөн төрийн байгууллагад ажилладаг багш нарт өгнө гэдэг худлаа мэдээлэл гэсэн үг үү?
-Ажиллаж байгаа байгууллагаас нь өгдөг. Улсын төсөвт байгууллагад ажиллаж байгаа бол тухайн хүний тэтгэмж нь улсын төсөвт сууж байна гэсэн үг. Хувийн сургуульд ажилладаг бол тухайн хувийн сургуулийн төсөвт хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдаад суух ёстой. Хөдөлмөрийн гэрээ хийхдээ нийгмийн асуудлаа яаж тусгаснаас шалтгаална. Ажиллаж байгаа байгууллага нь олгоно.
-Нэг удаагийн мөнгөн тэтгэмж гэж хэдэн төгрөг авах боломжтой вэ. Бүрдүүлэх материал, тавигдах шаардлага нь ямар байдаг вэ?
-Тухайн байгууллагад 25 жил ажилласан буюу ер нь боловсролын салбарт багшаар ажиллаж байсан гэдгээ нотлох хэрэгтэй. Хэдэн төгрөг авах нь үндсэн цалингаас шалтгаална. Тэгэхээр хүн бүр өөр авна гэсэн үг. Эрэгтэй хүн 60, эмэгтэй хүн 50-55 насандаа тэтгэвэрт гардаг. Тухайн хүний ажилласан жилээс хамаараад 25 эсвэл 36-аар тооцно.