Нийслэлээс цахилгаан машины хэрэглээг дэмжиж, 21 байршилд цэнэглэгч станц байршуулна гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Нийслэлийн байгаль орчны газрын Орчны бохирдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Батсайханаас тодрууллаа.
-Цахилгаан машины хэрэглээг дэмжих үүднээс цэнэглэгч станц байршуулна гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-2018 оны зургадугаар сарын 20-нд нийслэлийн Засаг даргын А/530 тоот захирамж гарсан. Энэ хүрээнд хоёр ажлын хэсэг байгуулагдсан. Тодруулбал, эхний ажлын хэсэг нь нийтийн тээврийн төлбөртэй зогсоолуудад цахилгаан тэжээлт автомашиныг цэнэглэх станц суурилуулах, ашиглалтыг хариуцан ажиллах аж ахуйн нэгж, байгууллагуудыг сонгон шалгаруулах зорилготой. Хоёр дахь ажлын хэсэг нь нийтийн эзэмшлийн авто зогсоолуудад цахилгаан тэжээлт машин цэнэглэж, суурилуулах стандартын төслийг боловсруулах ажлын хэсэг юм. Эхний ажлын хэсэг хуралдаад стандартынхаа төслийг боловсруулж байгаа. Тиймээс арваннэгдүгээр сард багтаагаад стандарт гарчих байх. Нийслэлийн авто замын газрын харьяа төлбөртэй хотын мэдлийн буюу төрийн эзэмшилд байдаг газруудад цэнэглэдэг станцаа суурилуулаад, тодорхой хэмжээний хураамж иргэдээс аваад үйлчилгээ явуул гэдэг зөвшөөрөл өгөх гээд байгаа юм.
-Хөрөнгө мөнгөө яаж шийдэж байгаа вэ. Хэдэн төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бэ?
-Нийтийн эзэмшлийн зам талбайд үйл ажиллагаа явуулж байгаа тээврийн хэрэгслийн зогсоолуудад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 21 цэнэглэгч станц байршуулах юм. Хувийн компаниуд өөрсдийн зардлаараа хийнэ гэсэн үг. Хотоос нэг ч төгрөг гарахгүй. Улаанбаатар хотын харьяа буюу хотын мэдлийн авто зогсоолуудад тээврийн хэрэгслийн цахилгаан тэжээлт машины цэнэглэгч станцуудыг өөрийнхөө хөрөнгөөр суурилуулаад, засвар үйлчилгээ бүх зүйлийг нь хариуцан ажиллах аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо өчигдөр хуралдсан. “Глобал моторс”, “Номин Холдинг”, “До флог” гэсэн газруудаас санал ирсэн. Ажлын хэсэг хуралдаад, санал нэгдсэн байгаа. Аль компанид нь ямар байршлуудыг өгөх асуудлыг өнөөдөр, маргаашгүй шийднэ. Эхний ээлжид гэрээ байгуулна. Гэрээний төсөл хяналтын шатандаа явж байна. Мөн техникийн нөхцөлийг харж байгаад ажлын хэсгээс Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Авто замын хөгжлийн газарт албан тоот явуулаад, техникийн нөхцөлүүдийг авна. Техникийн нөхцөлөө харж байгаад аж ахуйн нэгжүүд өөрсдийн санхүүгээр шийдэх юм.
-21 байршилд цэнэглэгч станц байршуулна гэсэн. Хаана, хаана байршуулна гэж төлөвлөсөн бэ?
-30 гаруй газар байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолуудад байршуулах байх. Шинээр суурилуулах гэж байгаа тоног төхөөрөмжийн хүчин чадал, иргэдээс авах төлбөр хураамжийн хэмжээ, төлбөр хийх зэргийг иргэдэд хүндрэл багатай, цааш хөгжиж явах хувилбарыг сонгоно.
-Цэнэглэгч станц байршуулах ажил яг хэзээ эхлэх вэ?
-Энэ долоо хоногт багтаагаад гэрээ байгуулна. Гэрээ байгуулаагүй учир хэдий хугацаанд, хэдэн станцыг аль байгууллага хариуцах нь тодорхой болоогүй. Хамгийн гол нь цэнэглэгч станцыг өөрийн хөрөнгөөр суурилуулаад, засвар үйлчилгээгээ хариуцаж байгаа. Тэгэхээр ямар лого болон ялгарах тэмдэгтэй байх, юугаараа хүмүүсийг татах зэрэг шалгарсан үйлчилгээг эрхлэх гэж байгаа компаниудтайгаа ярьж тохирох асуудал байгаа юм.
-Агаарын бохирдол бууруулахын тулд хийж байгаа ажлуудын нэг гэж ойлгож болно биз дээ?
-Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх хувийг гэр хороолол гаргадаг ч гэсэн тээврийн хэрэгсэл цаашдаа нэмэгдэх хандлагатай байгаа. Авто тээврээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах хамгийн гол зүйл нь түлшний асуудал байдаг. Манай улсад хүмүүсийн худалдан авах чадвартай холбоотой сайн чанарын түлш оруулж ирж чадахгүй байгаа. Гэтэл ихэнх орнууд евро 5, 6-д шилжсэн байхад манай улс евро гурав түвшинд хүрээгүй. Тийм учраас хийгээр юм уу, цахилгаанаар ажилладаг шатахуун хэрэглэдэггүй хэрэглээ рүү тэмүүлж байна. Цахилгаан машины хэрэглээ нэмэгдэж байгаа. Хоёр, гурван сарын өмнө 30 байсан бол шатахууны үнэ нэмэгдэж байгаатай холбоотой юм уу 70 болсон. Хамгийн гол нь хурдан цэнэглээд байх юм бол хүмүүс цахилгаан машин их хэрэглэнэ.