ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нөхрөө нууц амрагтайгаа нийлж хөнөөхийг завдсан этгээдэд 13 жил хорих ял оноов

O.Admin
18 цагийн өмнө

Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт амьдардаг Г.Б, Ч.О нар нь гэр бүл болоод 17 жил амьдарч байгаа бөгөөд 10-16 насны дөрвөн хүүхэдтэй.

Эхнэр Ч.О нь өөрийн нууц амраг гэх Б.Ц-тэй бүлэглэн нөхөр Г.Б-д 2024 оны есдүгээр сарын 6-ны өдөр ундаанд нь хулганы шингэн хор хийж уулгасан, 07-ны өдөр уусан архинд нь хүнсний зориулалттай уксус хийж уулгасан мөн 11-ээс 24-ний өдрийн хооронд Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд нь сахиж байхдаа тарианы шингэнд нь хүнсний зориулалттай уксус хийж тариулж түүнийг алахыг завдсан гэх гэмт хэрэг холбогджээ.

Шүүгдэгч Ч.О нь мэдүүлэгтээ “... би Б.Ц болон Г.Баас маш их айж байсан. Б.Ц зургийн дараад явуулчих тэгвэл итгэнэ, тэгвэл итгэхгүй гэж хэлдэг. Тэгээд би зургийн дарж явуулдаг байсан. Би Б.Ц-д итгүүлэхийн тулд худал хэлсэн. Түүнээс биш Г.Б-д хор өгөөгүй, миний 4 хүүхдийн эцэг, хань ижил гэж бодоод ингэж хийж байна гэж зургийн үзүүлээд би асгачихсан. Яг үнэндээ би хулганын хор, уксус өгөөгүй. Б.Ц-д итгүүлэхийн тулд худал хэлдэг байсан. Б.Ц надад хэлэхдээ тийм өнгийн ундаанд хийж өг, уксус хамгийн сайн гэж байна тэрийг олж ирж өгнө гэж хэлдэг байсан. Өөрөө надад олж авчирч өгсөн” гэж гэм буруугийн талаар маргажээ.

Шүүгдэгч Б.Ц гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэгтээ: Г.Б-ын эхнэр Ч.О бид хоёр үнэхээр бие биедээ хайр сэтгэлийн холбоотой бөгөөд би Ч.О-г нөхөр Г.Б-аас салчих хоёулаа хамт амьдаръя гэж хэд хэдэн удаа хэлж байсан, Ч.О нь “нөхрөөсөө салаад, өөр хүнтэй суусан гээд нутаг усны хүмүүст нэр муутай болчихно, салчихаар байгаа хөрөнгөнөөс нь авч чадахгүй болчихно” гэж хэлээд нөхрөөсөө салдаггүй байсан. 2024 оны 08-р сард Ч.О нь над руу өөрийн гар утаснаас залгаж “хоёулаа Г.Б-г нас барсны дараа хамт амьдаръя” гэж хэлээд “чи надаа хулганын хор, уксус аваад ир, би Г.Б-д өгч чадна” гэж хэлэхээр нь би зөвшөөрч Улаангом сумын зах дээр үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрээс 2 ширхэг хулганын хор, 1 шил уксус авч Ч.О-д хүргэж өгсөн гэжээ.

Шүүгдэгч Ч.О, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай эрэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.