ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Эрдэнэбаяр: Ам.долларын ханш шатахууны үнийн өсөлтөд нөлөөлсөн

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-09

Ашигт малтмал газрын тосны газраас өнөөдөр шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тус газрын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаярын мэдээлснээр шатахууны үнийн өсөлтийг ОПЕК болон ОХУ хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжүүлсэн нь дэлхийн зах дээл дээр шатахууны үнэ өсөх үндсэн шалтгаан болсон гэв.

Мөн “Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть" компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлж ирсэн. Манай шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам.доллараар төлбөр төлж худалдаа хийдэг тул ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлж байна” гэв. Түүнээс гадна АНУ Ираны эсрэг хориг арга хэмжээ авсан болон Венесуэл, Ливи улсуудын газрын тосны олборлолт эрс буурсан зэрэг нь газрын тосны үнийн өсөлтөд нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэснийг дуулгалаа.

Газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компаниас шатахууны хилийн үнийг энэ оны аравдугаар сард тонн тутамд 45-85 ам.доллароор, Аи-92 автобензинийг тонн тутамд 766 ам.доллар, дизелийн түлшийг тонн тутамд 758 ам.доллароор тус тус нэмсэн байна. Одоогийн байдлаар шатахууны үнэ 50-60 төгрөгөөр нэмсэн бөгөөд холбогдох мэргэжилтнүүд шалгалт хийж байгаа хэмээн АМГТГ-аас мэдээллээ. Үнийн өсөлтийг бууруулах талаар ямар арга хэмжээ авч ажиллах вэ гэсэн асуултад Ц.Эрдэнэбаяр дарга “Нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад ортол үнийг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөж байна” хэмээн хариулав.