ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Дэлгэрсайхан: Гадны хөрөнгө оруулагчид арилжааны банкинд итгэхгүй байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-09

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийн агуулга нь Монгол Улсын хилээр орж гарч байгаа валютын урсгалыг хянаж төгрөгийн ханшийг тогтвортой байлгах юм. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс цөөнгүй санал гаргалаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Банкны гадуурхи гүйлгээ гэх мэтээс болоод валют саваад байна гэсэн танилцуулгад санал нийлэхгүй байна. Валютын ханшийн зохицуулалтыг хийх нь зөв. Гэхдээ дутуу байгаа зүйлүүд дээр нь хийхээс валютын ханшийг хяналтандаа авлаа гэж иргэдийн хил гаалиар халаасандаа авч гарч байгаа хэдэн ам.долларыг нь шалгаж баахан хүнд суртал үүсгэх юм бол энэ хууль буруу тийшээ явна. Аж ахуйн нэгжүүдийг гүйлгээнд хатуу хяналт тавиад ирэхээр мөн л адил.

Сангийн яам арилжааны банкинд үнэт цаас өгөхөө болиод, өндөр хүүтэйгээс татгалзаад, бүгдийг нь аваад буцаагаад Монголбанкны бондыг авч байгаа гэж байна. Дөрвөн их наяд төгрөг гарсан байна. Өөрөө хэлбэл, Монголбанк дөрвөн их наяд төгрөг хэвлэсэн гэсэн үг. Энэ дөрвөн их наяд төгрөг зүйл бус хэрэглээг хөхиүлэн дэмжиж, импортыг өдөөж байгаа. ямар хяналт зохицуулалт цаашдаа явах юм. Энэ дөрвөн их наяд чинь цаашаа найман их наяд болох уу. 
Засгийн газар импортын худалдан авалтад хяналт тавьж зохицуулалтын бодлогыг хийх үүрэгтэй. Өнөөдөр валютын ханш савж байгааг тайлбарлахдаа ханшинд дэлхий буруутай гэж яриад хэн ч итгэхгүй. Та нарын өөрсдийгөө зүгээр л хамгаалах арга. Гэхдээ гол асуудал нь импорт 40 хувиар өсчихсөн учир валютын ханш савж байгаа. Тэгвэл импортыг өсгөх хүчин зүйл нь Засгийн газар өөрөө. Хяналт тавьж чадахгүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар Монголбанк хоёр мөнгөний бодлогын ямар ч уялдаа холбоо байхгүй байгаагаас Монгол Улсын валют савж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Гадны хөрөнгө оруулагч нар арилжааны банкинд итгэхгүй байгаа учраас энэ хууль орж ирсэн. Нэгэнт Валютын зохицуулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм чинь Хөрөнгө оруулалтын банкны хуулиа хамтатган хэлэлцэх хэрэгтэй. Валютын гарах урсгал дээр хязгаар тогтооно гэнэ. Үүнийг хөрөнгө оруулагчид яаж харах вэ. Том хөрөнгө оруулагчдын эмзэглэж байгаа гол асуудал энэ” хэмээлээ. Улмаар хуулийн төслийг УИХ-ын гишүүд дэмжсэн бөгөөд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан юм.