ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц. Бямбажав: Монгол түмний хийморь болсон босоо бичгээрээ бичиж байхдаа үргэлж бахархдаг

O.Admin
2018-10-10

Монголын Урчуудын эвлэлийн гишүүн зураач, Урлаг судлалын магистр, уран бичээч Ц.Бямбажав хүүхэд байхаасаа уйгаржин монгол бичгийг гайхалтай сайхан бичиж, түүнийгээ  хөгжүүлж түгээн дэлгэрүүлж байгаа авьяаслаг нэгэн билээ. Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзэн тэрбээр “Дэлгэртүгэй –I ,II” үзэсгэлэнгээ үзэгчиддээ толилуулсан байна. Уран бүтээл шигээ аядуу зөөлөн түүний уран бүтээл жилээс жилд чамбайрч гадаад дотоодын олон фэнтэй болжээ. Хүүхдүүд нь  ч аав ээжийнхээ төрөлхийн авьяасыг дуурайж автобусанд ч баримлаа барьж, зургаа зураад явдаг аж. Тэрбээр  “Үндэсний бичиг үсгээ дэлгэрүүлэгч” медалиар энгэрээ мялаасан юм. 

-Багаасаа л  уйгаржин бичгийг сонирхож энэ урлагт татагдсан гэж сонссон?
-Хүүхэд байхдаа 13, 14 настайгаасаа лааны гэрэлд уйгаржин монгол бичиг бичиж энэ урлагтай анх холбогдсон. Одоо  30 гаруй жил бичиж байна. 1995 онд оюутан болоод Монгол мэдлэгийн их сургуулийн Монгол судлалын ангид  ороод монгол бичгээр лекцээ бичиж эхэлсэн. Энэ үедээ маш олон зохион бичлэг, эссэ бичиж  түрүүлээд сургуулийнхаа шилдэг сурагч болдог байлаа. Дараа нь Дүрслэх урлагийн дээд сургуульд ороод монгол зургийн ангиар дамжаад керамикийн (вааран урлалын) ангид орж курсын ажлаа монгол бичгээр, баримлаар хамгаалсан. Тухайн үед “Сэрээтэр гэж мэргэжлийн багш  намайг “уйгаржин бичгээрээ явбал яасан юм бэ” гэж хэлэхэд нь намайг зураач биш, юм бичдэг хүн бол гэж хэлж байгаа юм байна гэж бодож тухайн үедээ жаахан гомдоллож байв. Гэтэл 10 гаруй  жилийн дараа эргээд бодтол уйгаржин бичиг миний насан туршийн мэргэжил байсныг багш хүний гярхай нүдээр анзаарч харсныг ойлгоод ихэд баярлаж  билээ. Тийм учраас Монгол түмний хийморь болсон босоо  бичгээрээ бичиж байхдаа үргэлж өөрөөрөө  бахархдаг. Усанд  загас хөвж буйтай адил бэхэнд дүрсэн бийрийн хөдөлгөөн шиг тийм  амар амгаланг мэдрүүлж, энэ хэрээр  монгол бичгийн гайхамшиг, өгөөж хишгийг нь өдөр тутамдаа мэдэрч байна. Энэ утгаараа дардан замыг дагуулж байгаа сайхан урлаг юм. Яруу тунгалаг сайхан аялгуутай. 2025 он хүртэл бүх нийтээрээ монгол бичигтэн болно гэж Ерөнхийлөгч зарлиг гаргасан. Тиймээс миний бие өчүүхэн ч гэсэн үндэсний бичгээ  түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа. 

-Энэ хугацаанд ямар үзэсгэлэнгүүдээ уран бичиг сонирхогчиддоо толилуулж байв?
-Хоёр удаа бие даасан үзэсгэлэн гаргасан. Сүүлийн 13, 14 жил хамтарсан үзэсгэлэнд тогтмол оролцож байгаа. Аав маань дүрслэх урлагийн чиглэлээр орчуулга хийдэг юм. Тиймээс “Дэлгэртүгэй-II” үзэсгэлэнгээ аавынхаа орчуулсан номын нээлттэй хамт гаргасан. Энэ өдөр аавын маань төрсөн өдөр учраас аавынхаа номыг хэвлүүлж дээр нь өөрийнхөө уран бүтээлээрээ бэлэг барьсан байгаа. 

-Уран бүтээлд тань ихэвчлэн ямар сэдвүүд зонхилдог вэ?
-Ихэвчлэн уран бичгийг бичих талаас нь бичихийг хичээдэг. Мэдээж үүнийгээ урлаг болгож харна. Уран бичлэг, шүлэг ерөөл гээд дандаа гоё зүйл бичдэг учраас уран бүтээлээсээ үргэлж сэтгэл ханамж авдаг. Тийм учраас тэр бичгийнхээ утга санаа,  үйл явдалтай холбоод зохиомжоо бодоод дүрс зураглал оруулдаг. Гэхдээ ихэвчлэн бичгээр зонхилдог. Бичгэндээ бийр бэхийн техникийг харуулахыг зорьж бичиг бүхэн маань өөр өөр үйлдэл байгаасай гэж хүсдэг. Энэ урлагаар маш олон шагнал авлаа. Анх “Хүмүүн бичиг” сонины анхны төрөлд түрүүлээд Хөх хот  руу аялах анхны эрхийн бичгээр шагнуулж  байлаа. Дараа нь Чой.Лувсанжавын нэрэмжит уралдаануудад оролцоод хоёр, гуравдугаар байрыг эзэлж байсан. Мөн “Удам” нэртэй баримлаар дүүргийн шагналыг хүртэж байсан. 

-Уран бүтээлээ туурвих чиглэл, онгод тань хэдийд төрдөг вэ?
-Уран бүтээлийн онгодыг анхны үзэсгэлэнгээ гаргаж байхдаа мэдэрч байлаа. Зарим мундаг хүмүүс уран бүтээлдээ уусан ороод онгод нь хөглөгдөж байдаг  билээ. Ер нь уран бүтээл хийх хүсэл янз бүрийн үед төрдөг. Тухайлбал ” Уул” “Ээж” зэрэг зургуудыг их бодож сэтгэж зурсан. Уран бүтээлээ дагаад үндэсний хувцсаа өмсөх дуртай. 

-Таны уран бүтээлийн үнэ тарифыг  сонирхвол?
-Уран бүтээлийн минь үнэлэмжийг дээрээс хэлээд байгаа юм шиг санагддаг. Ялангуяа өөрөө өөрийн­хөө ур чадвар, уран бүтээлээ үнэлэх үе хамгийн агуу гоё. Тухайлбал миний бүтээл хамгийн дээд тал нь 1500   ам.долларт хүрч байсан үе бий. Тийм учраас би бичих авьяасаа  бурхнаас өгөгдсөн өгөгдөл гэж маш их билэгшээж явдаг.

-Уран бүтээлийн анд найз, фэнүүдийнхээ тухайд?  
-Гадаадын хоёр найзтай болсон. Тэд миний уран бүтээлийн үнэнч фэнүүд. Миний хэлсэн үнээс илүү уран бүтээлийг маань үнэлсэн. Энэ жил Байгаль далай руу байгалийн зураг зурахаар аялаад ирлээ. Ингэж сайн мэдэж мэдэрч байж, төгс бүтээл гарна.

-Та Япон улс руу урилгаар яваад ирсэн гэл үү?
-Тийм ээ,  уран бүтээлийг маань биширч дэмждэг хүний урилгаар 17 хоног аялаад ирлээ. Тэд намайг бийрийн хөдөлгөөн маш сайн байна, гоё харагдаж байна гээд их сонирхоод байсан. Япон үсгээр ч бич гэсэн санал тавьсан. Энэ үүднээс олон хүнтэй танилцаад төрөлх бичгээ сурталчлаад ирлээ. Багш маань “Монгол бичиг бичнэ гэдэг уяан дээрээс морио унаад давхихтай адил” гэж хэлдэг байсан. Японд шавь нар нь багшийгаа маш их хүндэлж, үзүүлбэр үзүүлж  байгаа багшийнхаа  хичээлд маш их  тусалдаг юм билээ. Энэ аргыг Монголдоо хэрэгжүүлье гэж бодож байгаа. 

-Үндэсний урлагаа хөгжүүлье гэж байгаа энэ үед та цаашид хүүхдүүдэд зааж сургая гэсэн бодол их байдаг биз?
-Өөрийн гэсэн шавь бий. Хэрэв анги танхим хүрэлцээтэй бол хүүхдийн ирээдүйг харж монгол бичиг заана гэж бодож байгаа. Хүүхдийн хүмүүжилд ч маш чухал. Монгол бичгийн  гайхамшгийг  мэдрүүлж чадах юм бол хүүхдүүд хэзээ ч мартахааргүй сурах сонирхол төрнө. Тэгвэл Япон талаас дэмжлэг үзүүлнэ гэсэн.  Үүнд баяртай  байгаа. 

Д.Нэргүй