Цар тахлын хүнд хэцүү цаг үед Монгол Улс БНХАУ-д тусламжийн гараа сунгаж, 30 мянган хонь бэлэглэсэн бөгөөд энэхүү бэлгийн хариуд БНХАУ-ын талаас үнэтэй цайг явуулсан ч тэрхүү цай хаашаа орсон, хэн захиран зарцуулсан талаар мэдээлэл байхгүй байна хэмээн тухайн үед БНХАУ-ын Төрийн төв хэвлэлд ажиллаж байсан "Монцамэ" агентлагийн сэтгүүлч Б.Занданхүү сошиалдаа мэдээлэл оруулсан билээ.
Тэгвэл энэхүү асуудалд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэний зөвлөх асан Ч.Болортуяа хариу тайлбар бичсэн бөгөөд “Цар тахлын үед Монголын ард түмнээс хандивласан 30 мянган хонины хариуд хятадын талаас хариу барьсан цай хаачсан бэ гэдэг асуудал үүссэн бололтой.
Хандивласан цайг хэнд, хэрхэн тараасан талаар УОК, Онцгой байдлын ерөнхий газрын өгсөн мэдээллээр БНХАУ-ын Хүбэй мужаас Монгол Улсад хандивласан гурван төрлийн 21,300 ширхэг цайг Улсын Онцгой комиссын шийдвэрээр 21 аймаг, нийслэлд хуваарилж, Аймаг, нийслэлийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газраар дамжуулан ахмад настан, насанд хүрсэн иргэдэд тараасан талаар мэдээлэл өгч байна.
Тухайн үед энэ ажлыг зохион байгуулсан, одоо ч ажил хариуцаж байгаа Гадаад харилцааны яам, Онцгой байдлын ерөнхий газраас тодруулга, тайлбар нэмж авах нь зөв болов уу" хэмээжээ.