Сошиал орчинд шорлог зардаг гэдгээрээ анх танигдаж, улмаар лайв хийж олон танигдсан залуу хүү О.Осоржамаа энэ сарын 4-нд осголт болон гэмтлийн улмаас ГССҮТ-д хүргэгдэн очиж, улмаар ухаан орохгүй байсаар энэ сарын 14-ний өдөр Гэмтлийн эмнэлэгт нас барсан билээ. Түүнийг ямар шалтгааны улмаас амиа алдсан талаарх задлан шинжилгээний хариу гараагүй бөгөөд хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Тэгвэл гэмгүй төрх, цайлган араншин, хэнд нь гэм хор учруулаагүй атлаа ядуу бас бэлгийн чиг хандлага өөр гэдэг шалтгаанаар бусдад адлагдаж явсаар харамсалтайгаар амиа алдсан О.Осоржамаад зориулан түүний найз Тогтох болон олон нийтэд Жангүм нэрээр танигдсан Одноо нар хамтран гэрэлт зул өргөх үйл ажиллагааг Төв талбайд зохион байгуулав. Энэ үеэр Жангүм Одноо “Залуус маань маш залуугаараа архи, хар тамхинд орж байна. Түүний үхэл бусдад сэрэмжлүүлэг болоосой.
Осгоод эмнэлэгт хүргэгдсэнийг нь мэдсэн бол дэргэд нь байх ёстой байж \уйлав\. Би хүүгээ алдаад удаагүй. Хүү шигээ санаж л энэ бүхнийг хийж байна. Өнчин өрөөсөн, харж хандах хүнгүй түүнд эхийн хайрыг эцсийн удаа үзүүлж, гэрт нь очиж буян номын үйлийг хийж, зул өргөе гэсэн ч гэрийг нь олохгүй хугацаа алдлаа. Арайхийж олсон ч хаалга байхгүй, тоггүй гэр байсан. Бас цагдаа нар хэргийн газрын үзлэг шинжилгээг хийж дуусаагүй, ул мөрийг баллачихна гээд оруулаагүй учраас талбай дээр зул өргөж байна. Хүмүүс минь ер нь амьдадаа л нэг, нэгнээ хайрлая. Хэзээ ч энэ хүү биднийг ингээд зогсож байгааг харахгүй. Ийм олон хүн өөрийг нь хайрлаж байсныг мэдрэхгүй. Одноо гэж нэг хүн өчнөөн зул авахын тулд юм зарж, өөрийнх нь төлөө явж байгааг харахгүй. Тэгэхээр амьдад нь нэгнээ хайрлаж, баярлуулж яваарай” хэмээлээ.