Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун болон Гүрж улсын Үндэсний эрчим хүч, ус хангамжийн зохицуулах хороо (GNERC)-ны дарга Давит Нарманья (Mr. Davit Narmania) нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг санамж бичиг нь эрчим хүчний салбарт холбоотой асуудлаар мэдээлэл солилцох, талуудын зохион байгуулж буй арга хэмжээнд харилцан оролцох, мөн судалгаа, сайн туршлага солилцох замаар хамтран ажиллах тухай тусгажээ.
Санамж бичигт гарын үсэг зурсны дараа Гүрж улсын эрчим хүч, ус хангамжийн зохицуулах хорооны (GNERC) байранд уулзалт зохион байгуулсан байна. Уулзалтын хүрээнд Гүржийн төлөөлөгчид тус улсын цахилгаан эрчим хүчний салбарт хэрэгжиж буй шинэчлэлүүд, түгээх сүлжээний хөгжүүлэлт болон норм алдагдлын тооцоололтой холбоотой асуудлууд, тарифын зохицуулалтын зарчим ба үйлчилгээний чанарын хяналтын механизм, зохицуулалтын зардлын аудит, мөн нэгдсэн тооцооны тогтолцооны талаар мэдээлэл, зөвлөмж өглөө.